Цаг үеийн мэдээ

Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй үзүүлэх, иргэд, хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор төрийн үйлчилгээний цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо. 

Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд “Толгойт хөгжлийн төв” төрийн үйлчилгээний цогцолбор барилга үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус төв нь зоорьгүй 3 давхар. Нэгдүгээр давхартаа спорт заал, ариун цэврийн өрөө, хүлээн авах хэсэг, багш дасгалжуулагчийн өрөө, Хоёр, Гуравдугаар давхартаа Сонгинохайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн харьяа Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг үйл ажиллагаагаа явуулж байна. 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Энэрэлт их эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

Дашрамд: Өсвөр, залуу үеийн дунд волейбол, сагсан бөмбөг, бадминтон гэх мэт 16 төрлийн дугуйлан секц хичээллэж, ахмадын шугаман бүжгийн сургалтууд зохион байгуулагдана. Спорт зааланд секц, дугуйлан, тэмцээн уралдаан өглөөний 07:00-17:00 цаг хүртэл цагийн хуваарийн дагуу иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. 

Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасгаар харвалтын дараах нөхөн сэргээх болон уламжлалт гэсэн хоёр төрлөөр иргэдэд үйлчлэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн буюу 1, 2, 3, 4, 20, 22, 33, 34, 35, 36 дугаар хороодын бүх насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах юм байна.