Цаг үеийн мэдээ

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал нийгэмд хөндөгдөж эхэллээ.  Учир нь одоогийн 76 гишүүн хэт олон сонгогчийг төлөөлж байгаагаас үүдэлтэй хийдэл, хүнд суртал газар авсныг судлаачид хэлдэг. Гэтэл энэ нь асуудалд шинжлэх ухаанчаар бус ямар тогтолцооны үед,  аль намаас илүү олон нэр дэвшигч сонгогдсоноос хамааран сонгуулийн тогтолцоог хуульчилж ирсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм байна.  Өөрөөр хэлбэл,  энэ нь үндсэн суурь асуудлаа шийдэж чадахгүй бөгөөд улам ужгируулах шалтгаан болсон гэж дүгнэхэд хүргэжээ. Үнэхээр ч өнөөдрийн 76 гишүүн хэт  буюу 30-40 мянган сонгогчийг төлөөлж байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр иргэдэд хүрч ажиллах, амлалтаа биелүүлэх боломж хязгаарлагдахаас  гадна гишүүд улсын төсвийн хуваарилалтыг өөрийн тойрог руу  чирэх, улмаар орон нутагт өндөр төсөвтэй “амьгүй” бүтээн байгуулалт буюу  театр, музей зэрэг байгууламжид зарцуулах болсон нь үр ашиггүй зарцуулалт гэдгийг эдийн засагчид хэлсээр ирсэн. Тэгвэл энэ байдалд өөрчлөлт хийхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа аж. Тухайлбал, МУИС-ийн Эдийн засаг,  математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар энэ талаар  тухайлан судалгаа хийжээ. Тэрбээр энэ талаараа “Өнөөдөр” сонинд  өгсөн ярилцлагадаа “Монгол Улс дөрвөн сая орчим иргэнтэй гэж тооцож квадрат язгуураар гаргах юм бол ойролцоогоор хоёр мянга орчим гишүүнтэй болох нь. Хэрвээ куб язгуураар тооцох юм бол 150 орчим гишүүнтэй байх тооцоо гарч байгаа. Шинжлэх ухаан, судлаачдын хийсэн ажлыг хараад Монголын нөхцөл байдалтай тулгаад үзэхээр ийм л харагдаж байгаа юм. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог Скандиновын орнуудтай адилхан куб язгуураар тооцож гаргах нь илүү оновчтой гэж үзэж байгаа. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр эрх мэдэл буурна, нөлөөлөл ч буурна. Хэрвээ гишүүдийн тоог 152 болгож нэмбэл нэг гишүүний парламентын шийдвэр гаргалтад үзүүлэx нөлөө хэр буурах вэ гэдэг судалгааг хийж үзсэн. Ингэхэд өнөөдрийн нөхцөл байдлаас 30 хувиар буурах тооцоо гарч байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр тэдний эрх мэдлийг бууруулах боломжтой юм байна.