Цаг үеийн мэдээ

ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн дараа үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ажиллалаа. Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Буянтогтох нар байлцав.      

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Х.Золжаргал ангийн үйл ажиллагаа, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлт, сургалт бэлтгэл, ололт амжилт болон тулгамдсан асуудлуудын талаар танилцууллаа. 

Тус анги нь уулархаг районд үүрэг гүйцэтгэх сургалтад тогтмол хамрагдан үйл ажиллагаагаа жигдрүүлдэг. Энэ хүрээнд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Уулын явган цэргийн сургалт”-ыг үе шаттай, амжилттайгаар явуулж иржээ. Мөн Зэвсэгт хүчний 2022 оны “Тэргүүний анги”-аар шалгарсан зэрэг амжилтыг үзүүлснээс гадна өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах болон тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг ангийн удирдлага онцолж байв. 

Бригадын генерал С.Ганбямба хичээлийн байр, тавиулан, ногооны зоорь зэрэг барилга байгууламжтай танилцсаны дараагаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав. Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд өсөн дэвжиж, сургалт бэлтгэлийн хувьд улам чанаржиж, бүтээн байгуулалтын ажил ч олноор хийгдсэн гэдгийг сая харлаа. Үүнд барилга-инженерийн цэргийн ангийн үүрэг оролцоо их байгаагаас гадна тус ангийн удирдлага, хүн нэг бүрийн идэвх санаачилга, сэтгэл зүтгэл өндөр байна гэдгийг онцлох нь зүйтэй. Та бүхний гар нийлэмжтэй ажиллагааны үр дүнд өнөөдөр энэ анги ийм хэмжээнд хүрсэн. Цаашид ч ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийг, бэхжүүлж хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг бид мэднэ. Нөхцөл байдал сайжрах үед төрийн удирдлагуудад асуудлыг хөндөж тавина” гэв. Энэ үеэр зарим алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цол хүртээж, төрийн одон медалиар шагнасны зэрэгцээ тус ангийн хамт олонд автомашин гардуулан өглөө.