Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям лхагва гарагт Польш улсад урьдчилан мэдэгдэлгүй айлчиллаа. Тэрээр Украины хилийн ойролцоо байрласан Британи болон Польшийн цэргүүдтэй уулзаж, Украины ард түмэн, тэдний эрх чөлөөг дэмжин хамтран ажиллаж байгааг сайшаан магтсан байна.
Уэльсийн ханхүү Польш, Украины хилийн ойролцоох Жешов хот дахь газар нутгийг хамгаалах хүчний гуравдугаар бригадын баазад зочилжээ. Түүнийг Польш улсын Батлан хамгаалахын сайд Мариуш Блашчак угтан авч уулзан цэргийн тоног төхөөрөмжийг танилцуулсан байна. Ханхүү дараа нь Британийн зэвсэгт хүчний цэргүүдтэй уулзан хамтын ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сонсжээ.
Уильям Варшавт газардсаныхаа дараа тус улсад эргэн ирсэн нь гайхалтай явдал болсныг мэдэгдсэн байна. Хувь хүний хувьд Польш, Британийн цэргүүдэд талархлаа илэрхийлэхийг хүссэн гэдгээ хэлжээ.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Оросын цэргүүд дайрснаас хойш Украины 8 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэжээ. Польшид Украины 1,5 сая дүрвэгч байрлаж байгаа аж. Эдгээр дүрвэгчдэд польш хэлний хичээл орж, хүүхдүүдийг тоглоомын талбайгаар хангаж, өдөрт хоёр удаа хооллож байна. Ханхүү Уильям айлчлалынхаа хүрээнд дүрвэгсдийн нөхцөл байдалтай ч мөн танилцжээ.
Эх сурвалж: CNN