Дональд Трамп энэ долоо хоногт санхүүгийн зохисгүй үйлдэл хийсэн хэргээр баривчлагдах магадлалтай байна. Энэ нь порно киноны од Сторми Даниэлсийг Трамптай амрагын холбоотой байсан тухайгаа ярихгүй дуугүй байлгахын төлөө 2016 онд 130,000 ам. доллар төлсөн тухай хэрэг юм. Хэрэв баривчлагдвал Трамп эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон анхны экс ерөнхийлөгч болох юм.
Энэ түүх Дэниэлсын хэлснээр 2006 оны 7 сард Трамп ерөнхийлөгч болохоос нэлээд өмнө буюу баян бизнесмен байх үед эхэлсэн байна. Порно од Сторми Даниэлсийн хэлснээр Трамптай дотно харилцаатай байсан бөгөөд Трамп үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. 2016 оны 10-р сард Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялахаас нэг сарын өмнө ирээдүйн ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэн жүжигчин бүсгүйд 130 мянган доллар төлжээ. Энэ нь тохиролцооны нэг хэсэг байсан бөгөөд үүний дагуу жүжигчин энэ хэргийг хэвлэлээр болон олон нийтэд хэлэлцэхгүй байх үүрэг хүлээсэн юм.
Төлбөр төлсөн нь зөрчил биш ч Трамп өмгөөлөгчдөө зарцуулсан мөнгийг нь нөхөн төлөхөдөө энэ нь хуулийн зардлын төлбөр гэж бичигдсэн байжээ. Энэ нь Трамп санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж болно.
Трампыг уг хэрэгт буруутгах эсэх шийдвэрийг Манхэттены дүүргийн прокурор Алвин Брэгг гаргана. Тэрээр эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байгаа эсэхийг тодруулахаар тусгай тангарагтны шүүхийг хуралдуулсан байна. Хэрэв Брэгг ял тулгах шийдвэр гаргавал эхлээд Трамп болон түүний өмгөөлөгчдөд албан ёсоор мэдэгдэж, экс ерөнхийлөгч Нью-Йоркт баривчлагдах болон шүүх хуралдааны эхний хуралдаанд яг хэзээ, хэрхэн оролцох талаар зөвшилцөх хэлэлцээрийг эхлүүлэх ёстой.
Хэрэв Трамп эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол түүнд тулгарч болох дээд хэмжээ нь 4 жилийн хорих ял юм, гэхдээ шинжээчид түүнийг шоронд орох магадлал багатай бөгөөд торгууль төлөөд өнгөрч магадгүй гэж үзэж байна.
Гэм буруутай нь тогтоогдож яллах дүгнэлт гарсан ч Дональд Трампыг сонгуульд өрсөлдөхөд юу ч саад болж чадахгүй байна. Шүүх хурал дээр юу ч болсон хэлсэн үгнээсээ ухрах бодолгүй гэдгээ тэр өөрөө тодорхой хэлжээ. АНУ-ын хууль тогтоомжийн дагуу гэмт хэрэгт буруутгагдаж байгаа нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил явуулахалд нөлөөлдөггүй байна.Гэхдээ мэдээж Трампыг баривчилвал түүний сонгуулийн кампанит ажилд ихээхэн саад учруулж болзошгүй юм.
Мэдээжийн хэрэг, баривчилгаа нь Трампын дэмжигчдийг улам нэгтгэж болох ч Америкийн улс төрийн тогтолцоонд нэгэнт илэрхий байсан хагарлыг гүнзгийрүүлэх магадлалтай. Юутай ч хуучин ерөнхийлөгчид хэргийг зөвхөн өс хонзонгийн үүднээс тулгаж байгаа гэдэгт консерватив үзэлтнүүд итгэлтэй байгаа бол либерал үзэлтнүүд хууль зөрчсөн дээд эрх мэдэлтнүүд хүртэл шийтгэл хүлээх ёстой гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC