Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газар,  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого чиглэлийн хүрээнд алба хаагч, ахмад настны нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ар гэрт нь бодит дэмжлэг тусламж олгох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд өнөөдөр 19 алба хаагч, 2 ахмад настанд иж бүрэн тавилгатай “Монгол гэр” гардуулан өглөө. 

Уг үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, хотын бүсийн анги, нэгжүүдийн дарга нар оролцлоо. 

Нээлтийн арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэт зүйл болсон алба хаагчид, байгууллагын хөгжлийн төлөө хүч хөдөлмөрөө зориулан ажилласан ахмад буурлуудынхаа нийгмийн баталгааг дээшлүүлж ажиллана гэдгээ илэрхийлээд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэртэй болсон ахмад настан болон алба хаагчдад баяр хүргэж, сайн сайхныг хүслээ.