Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Игорь Иванович Кобзевийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд “Монгол-Оросын бизнес форум”-ыг МҮХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ хамтран зохион байгууллаа.

Форумд ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Игорь Иванович Кобзев, тус мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн сайд Наталья Геннадьевна Гершун, ОХУ-ын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев, Дорнод Сибирийн ХАҮТ-ын Ерөнхийлөгч Алексей Иванович Соболь, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ОХУ-ын талаас 27 ААН-ийн 70 гаруй төлөөлөл, Монголын талаас 70 ААН-ийн 150 гаруй төлөөлөл оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ “Эрхүү муж Монгол Улстай газарзүйн хувьд ойр байршилтай тул хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол гүүр” гэдгийг тодотгоод 2022 онд тус мужаас Монгол Улс руу 170.0 сая ам.долларын бараа, үйлчилгээг экспортолж, Монгол Улсаас 3.6 сая ам.долларын бараа, үйлчилгээг импортолсон байна гэв. Мөн цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч, хөдөө аж ахуйн гаралтай ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Игорь Иванович Кобзев тус муж ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтойг онцлоод нэн түрүүнд эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үргэлжлүүлэн боловсрол, онцгой байдал, аюулгүй ажиллагаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин экологийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэв.

“Монгол-Оросын бизнес форум”-ын үеэр Хамтын ажиллагааны санамж бичиг болон экспортын гэрээнд гарын үсэг зурах ёслол болов. Нийт 13 гэрээ, хэлэлцээр байгуулснаас МҮХАҮТ нь ОХУ-ын Дорнод Сибирийн ХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Хөгжлийн корпорацитай тус тус Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн модон байшингийн иж бүрдэл, дугуй дүнзэн бүтээгдэхүүн, хавхлаг арматур, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, эмчилгээ, сувиллын үйлчилгээ үзүүлэх гэрээг холбогдох компаниуд хооронд байгуулав.

Форумын төгсгөлд хоёр орны ААН хооронд В2В уулзалт болж, сонирхсон чиглэлүүдээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.