Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан цагаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан болон төрийн байгууллагынхан, эрүүл мэндийн салбарынхан, олон улсын байгууллагын оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
ДЭМБ-ын түүхэн 75 жилийн ой тохиож байгаа энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд эрүүл мэндийн салбарын оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг дүгнэн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж идэвхжүүлэх боломжийг олгож буйг оролцогчид онцолж байсан юм.
Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.

Тухайлбал, эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг “Хэнийг ч орхигдуулахгүйгээр” хүн амд хүргэх зорилго бүхий “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 70 хувьд буюу өрхийн болон сумын эрүүл мэндийн 353 төвд энэхүү технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэдийг эрт үед нь оношлох, халдварт бус өвчнийг тэдний амьдарч байгаа газар нь ямар нэгэн чирэгдэлгүйгээр илрүүлэх боломжтой болж байна.