Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.18) хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүнээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тавилаа.

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээнүүдийн хүрээнд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэв.

Монгол Улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2021 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал гэдгийг төсөл санаачлагч онцолсон.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүгнэлтэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тэжээллэг, хүнд ээлтэй байгалийн гаралтай органик үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, мэдлэгийг сайжруулах, органик брэнд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чадвартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах, баталгаажуулах, хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан байгуулах тогтолцоо бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэдгийг төсөл санаачлагч гишүүн мэдээлэлдээ дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Болорчулуун, Б.Саранчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Органик хүнсний тухай хуулийг Органик бүтээгдэхүүний тухай хууль гэж хүрээг нь хэт өргөн агуулгатай болгосноор гол зорилго чиглэл нь хазайх магадлалтайг сануулахын зэрэгцээ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний импортыг хязгаарлах заалтыг төсөлд хэрхэн тусгасныг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төсөлд газар тариалангийн бүтээгдэхүүнийг эрэмбэлэн хамруулж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд төсөлд мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүнийг хамруулах, эсэх үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс татварын бодлогоор дэмжих, чөлөөлөх нөхцөл боломжийг хэрхэн тусгасныг тодруулж байлаа.

Төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хариултдаа, Органик хүнсний тухай хууль хэрэгжээд таван жил болж байна. Эл салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд цуврал хэлэлцүүлэг хийх үеэр ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн, гоо сайхан, уламжлалт эм бэлдмэл зэрэг өргөн хүрээнд үйлдвэрлэл эрхлэх боломж буйг ярьж байсан. Хуулийн төслийн хүрээг өргөтгөн, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хамруулснаар төрийн дэмжлэг, хөшүүрэг бий болж улмаар бүтээгдэхүүнээ экспортлоход нэн хэрэгтэй гэж байсныг онцлов. Түүнчлэн хуулийн төсөлд газар тариалан төдийгүй, хөдөө аж ахуйн уламжлалт гол салбар болох мах сүү, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний асуудлыг тусгаж, хүрээг өргөтгөсөн гэж байлаа. Мөн тэрбээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжвэл цаашид Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад хүнсний гэсэн цар хүрээнд  асуудлыг сайжруулах чамбайруулах боломжтой хэмээн хариулж байсан.

Харин Ажлын хэсгийн зүгээс хуулийн төсөлд хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашиглахыг органик үйлдвэрлэлд хориглох зохицуулалтыг тусгасан. Мөн хуулийн төслийн зардлын тооцоог судлаачид, мэргэжилтнүүдээр хийж гүйцэтгүүлсэн. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийн хүрээнд төсөвт тодорхой хэмжээний зардал гарна. Гэхдээ органик бүтээгдэхүүн экспортод гаргах, эл салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжсөнөөр хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эерэг нөлөөлөл нь илүү  ач холбогдолтой гэсэн тооцоолол гарсан хэмээн нэмэлт тайлбарыг өгсөн.   

Ингээд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. Ийм энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсон бөгөөд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

Таны сурталчилгаа