Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз “Малчид дуулж байна” улсын уралдааныг 3 дахь удаагаа зохион байгуулж 2023 оны 5 сарын 16-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд “Гала” тоглолтыг хийж шилдэг оролцогчдоо тодрууллаа.
Энэ удаад 500 орчим малчин оролцсоноос шилдэг 22 оролцогчийг шалгаруулсан бөгөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин,сумын алдарт уяач Л.Баасан тэргүүн байрыг эзэлж автомашин, хурдан удмын адуу, клип хийлгэх эрхээр шагнууллаа.
Удаах байрыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин З.Болормаа эзэлсэн бөгөөд зөөврийн сууц, хурдан удмын адуугаар шагнуулсан бол гутгаар байрын шагналыг Төв аймгийн Заамар сумын малчин Т.Баасансүрэн хүртэж мотоцикль,хурдан удмын адуугаар шагнагдлаа. Тусгай байрыг шагналыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин Б.Лувсангомбо, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин О.Чинзориг нар хүртлээ.
Уг нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол сат network компани, ивээн тэтгэгчээр Их Засаг ОУИС болон Хүнс экспресс компани ажиллажээ. ” Малчид дуулж байна-3” шоу нэвтрүүлгийн зураг авалт 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд нийтдээ 855 минутын нэвтрүүлгийг үзэгч түмэндээ зориулан хүргэсэн байна.
Энэхүү шоу нэвтрүүлэг нь Монгол үндэсний их өв, дуун соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.