Монголын уран зохиолыг олон улсад таниулах, үндэсний утга зохиолоор дамжуулан эх орноо сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форумыг 05 дугаар сарын 19- 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Форумыг зохиолч, яруу найрагч, Чингис хааны одонт Г.Мэнд-Ооёо санаачлан Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэл, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулж байгаа ба монголын зохиолч, яруу найрагчдаас гадна Швед, Франц, БНХАУ, ОХУ, Бангладеш, Испани, Израйл, БНСУ зэрэг орноос яруу найрагч, зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирж оролцож байна.
“Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форум” нь монголын уран зохиол, яруу найргаас гадаад улсуудад хэвлэгдсэн антологиудын танилцуулга, “Өнөө үе ба яруу найраг” хэлэлцүүлэг, дээрх улс орнуудтай уран зохиолын харилцан орчуулгын хамтын ажиллагаа, “Олон хэлний найрсал” яруу найргийн уншлага зэрэг үйл ажиллагаануудыг 3 өдрийн турш зохион байгуулахын зэрэгцээ 30 гаруй уран бүтээлийг харилцан орчуулж толилуулах юм. Үүнд: Ардын уран зохиолч Д.Урианхай “Ганцаараа нисэж буй шувуунд”, Ц.Бавуудорж “Гунигийн гэгээ”, М.Амархүү “Бүрхүүл”, Ш.Лхамноржмаа “Зун шиг амьдарна” Я.Баяраа “Багет” зэрэг уншигч олны дуртай олон шүлэг, яруу найраг багтсан.
Ташрамд дурдахад, тус яамнаас утга зохиолоор дамжуулан олон улсад монголын түүх соёл, нүүдэлчдийн ахуй, эх хэл, уламжлалаа сурталчлан таниулах бодлогын хүрээнд монголын утга зохиолын сонгодог бүтээлийн нэг “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү, БНХАУ-ын холбогдох байгууллагатай санамж бичиг байгуулан хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулж, олон улсын зах зээлд гаргах ажлууд хийгдэж байна.