Каннын Олон Улсын кино наадмын хүрээнд Монгол Улс анх удаа “Монгол өдөрлөг” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Каннын Олон Улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээгчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм. Тэдгээр зочдод Монгол орны соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас толилуулсан ба Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан зураг авалт хийхэд тохиромжтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий байршлуудыг танилцуулсан билээ. Энэ хүрээнд гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Байгалийн хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэн”-г байршуулан танилцууллаа.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж,амьдарч буй Монгол уран бүтээлчид тус үйл ажиллагаанд оролцож, морин хуур, уран нугаралтын үзүүлбэр, уран бичлэгийн үзүүлбэр зэргийг зочдод сонирхууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд залуу найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино энэ удаагийн Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” хэсгийн өрсөлдөөнт шатанд шалгарсан баярт мэдээг зочдод зарласан юм.