Рок-н-роллын хатан хаан домогт дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгсжээ. Тэрээр таалал төгсөхөөсөө өмнө хорт хавдар, цус харвалт, бөөрний дутагдал зэрэг хэд хэдэн өвчнөөр шаналж байсан юм.
Тина Тернерийн The Best, What’s Love Got to Do With It болон хуучин нөхөр Айк Тернерийн хамт дуулсан Proud Mary, River Deep, Mountain High зэрэг дуунууд нь түүнийг алдрын оргилд хүрэх шатыг тавьсан билээ. Тэрээр 1978 онд нөхрөөсөө салж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвин Рок-н-роллын хатан болсон түүхтэй.
Тернерийн ганган дэгжин хэрнээ эрч хүчтэй үзүүлбэр, сөөнгө бөгөөд хүчирхэг хоолой домог болон үлджээ. Урлагийн карьерынхаа хугацаанд Тернер Грэммийн найман удаагийн шагнал хүртсэн байна. Орчин цагийн алдартай уран бүтээлчид болох Бейонсе, Жанет Жексон, Жанел Монае, Рианна нар түүний үзүүлбэр, уран бүтээлээс урам зориг авч, уран бүтээлч болох замаа хөтөлсөн тухайгаа хуваалцсан байдаг билээ. Тина Тернер гэдэг нэрийг сэтгэлдээ хоногшуулсан дэлхийн сая сая иргэн домогт дуучинд гүн эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлж байна.
Эх сурвалж: ВВС