Улаанбурхан өвчин гэж юу вэ?
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Улаанбурхан өвчин аюултай юу?
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:
5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу УГУ (улаанбурхан, гахай хавдар, улаанууд) вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.
Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.
Нэмэлт дархлаажуулалтын талаарх мэдээлэл:
2023 оны 5 сарын 29-ны өдрөөс орон даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ.
10 сартайгаас 8 настай хүүхдүүдээ өрх, сумын эрүүлмэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакцинд хамруулаарай.