Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан залуу алба хаагчдыг мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор “Эрүүл бие-Зөв дадал” явган аяллыг өнөөдөр /2023.05.26/ зохион байгуулж байна.

Энэхүү явган аялалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын 170 гаруй алба хаагчид оролцож байгаа юм.

Нээлтийн арга хэмжээ “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-т болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагч нар оролцлоо.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт сонирхуулж, Онцгой байдлын ерөнхий газраас шүхрийн үзүүлбэр үзүүлэв.

“Эрүүл бие-Зөв дадал” явган аяллаар Манзушир хийдээс Богдхан уулын Цэцээ гүний ноён оргил чиглэлд 16.2 километр замыг туулах юм.