Беларусын Батлан хамгаалахын сайд Виктор Хренин, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар Беларусын нутаг дэвсгэрт Оросын цөмийн зэвсгийг байрлуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа.
Беларусын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, эдгээр баримт бичигт "Оросын стратегийн бус цөмийн зэвсгийг тусгай агуулахад хадгалах журам"-ыг тодорхойлсон байна.
Шойгу “Орос улс цөмийн зэвсгээ Бүгд Найрамдах Беларусь улсад шилжүүлэхгүй, түүнд тавих хяналт, ашиглах шийдвэр нь Оросын талд үлдэнэ” хэмээн хэлсэн байна.
Минск хотноо ХАБГБ-ын гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн хурлаар дээрх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Беларусын сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская Беларусын нутаг дэвсгэрт Оросын цөмийн зэвсгийг байрлуулахгүйн тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан байна. "Энэ нь манай үндсэн хуульд заасан цөмийн зэвсгээс ангид статусыг шууд зөрчиж, Орос улс Беларусыг олон жилийн турш хяналтдаа байлгахын зэрэгцээ Украин болон бүх Европын аюулгүй байдалд улам их аюул занал учруулж байна" гэж Тихановская твиттер хуудсандаа бичжээ.
Беларусь руу цөмийн зэвсгийг шилжүүлэх ажил аль хэдийн эхэлсэн гэж Александр Лукашенко мэдэгдсэн ба сэтгүүлчид зэвсэг тус улсад орж ирсэн байгаа эсэхийг асуухад Лукашенко "магадгүй" гэж хариулжээ. "Би очихоороо харъя" гэж тэр нэмж хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны гуравдугаар сарын сүүлчээр Беларуст тактикийн цөмийн зэвсгийг байршуулах төлөвлөгөөгөө зарласан. Тэрээр хэлэхдээ, "Искандер" пуужингийн систем, тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай 10 онгоц Беларусь улсад хэдийн байршуулсан тухай ярьжээ.
Эх сурвалж: Медуза