Цаг үеийн мэдээ

Монголын уран зохиолын сод туурвилуудын нэгэн болох “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийнхөө Олон Улсын баримтат өвийн жагсаалтад  бүртгэж, албан ёсоор батламжилсан тухай ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос мэдээллээ. 

Энэхүү баярт мэдээг хүргэхийн ялдамд тодруулахад:

БНФУ-ын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцээд, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өв багтжээ. 

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг  хамгаалах зорилгоор ЮНЕСКО 1992 онд "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийг эхлүүлсэн юм. 

Баримтат өвийг ийнхүү олон улсын бүртгэлд бүртгэснээр соёлын үнэт өвийн хамгаалалтыг олон улс, бүс, үндэсний түвшинд баталгаажуулж, тэдгээрийг хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэхээс гадна ийм төрлийн  өвийг хамгаалах чиглэлээр гишүүн орнуудын хоорондох хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхийг зорьдог ажээ. 

ЮНЕСКО-ийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад өнөөдрийн байдлаар 430 баримтат өв бүртгэгдсэнээс 5 нь Монгол Улсаар хаяглаж байна. Үүнд:

- 2011 он Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур", 

- 2013 онд “Есөн Эрдэнийн Ганжуур”, 

- 2017 онд "Данжуурын гэрэлт хөшөө"

- 2023 онд “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс”.

Чин гүрнээс өмнөх үеийн Буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17-р зууны монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцдог Цогт хунтайжийн хадны бичээс нь Лигдэн Хутагт Хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ. 

Энэхүү хосгүй үнэт соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэхийн төлөө ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монгол Улсын Үндэсний Номын Сан олон жил идэвхийлэн ажилласан бөгөөд яруу найрагч, уран бүтээлч хүний хувьд Үндэсний Номын сангийн захирал, МЗЭ-ийн УЗ-ийн дарга Б.Ичинхорлоо онцгойлон санаа тавьж хөөцөлдсөнийг энд дурдъя. 

Олон улсын баримтат өвд бүртгэх үндсэн шалгууруудаас танилцуулахад уг баримтат өв нь анхны жинхэнэ эхээрээ байх; эх төрх байдлаа сайн хадгалсан байх; дэлхий дахины үнэ цэн, ач холбогдолтой байх; Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж. 

Эдгээр шалгуурыг бүрэн хангасан Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагшаа 20-иод километр зайд Төхөм уулын орчим оршдог. 

Монголын эх оронч Цогт хунтайжийн шүлгийг сийлсэн хад нь газрын гүний маш бөх чулуу бөгөөд юмаар цохиход ширмэн тогоо мэт жингэнэн дуугардаг тул "Дуутын хадны бичиг" хэмээн алдаршжээ. Энэ бичигт хадны орчимд эртний хадны сүг зургууд олон байдаг тул 1971 онд улсын хамгаалалтад авсан байна.

Эдүгээ энэхүү гайхамшигт өв бүх дэлхийд Монгол Улс, монгол найрагчийн нэрийг дуурсгаж, монгол хэл, бичиг, үндэсний уран зохиол, монголчуудын халуун элгэн сэтгэл, ертөнцийг таньсан ухаарлын гэрч болон сүндэрлэх боллоо.  

Дөрвөн зууны өмнө сийлсэн гэхэд ердөө өчигдөр бичсэн мэт тод дурайдаг Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг хүргэе! 

Дээд тэнгэр ханы аху хийгээд

Дэлхий дэх Хан богдсын аху газар

Дээр доорын ялгас болбоос бээр

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй. 

Агнистайн агуй дахь бодисад нар

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Аху газар ангид болбоос

Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй. 

Энд хан богдсын сайн түшмэл хийгээд

Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр болбоос

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй. 

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид болбоос

Алан идэхийн агаар нэгэн буй. 

Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. 

Онон мөрөнд аху Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигудын газар хол болбоос бээр

Хайрлан санагалзахын агаар нэгэн буй. 

Энэ биендээ эс золголцвоос

Үүнээс хойш төрөл тутамдаа

Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай. 

Энэхүү шүлгийг хулгана жилийн 1624 оны нэгдүгээр сарын 18-нд Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив гэжээ.