Гэмтлийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны чадвар алдагдлыг сэргээх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасагт 2022 оны 10 дугаар сараас эхлэн Хөдөлмөр заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Хөдөлмөр заслын тусламж үйлчилгээ нь гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээний салшгүй нэг хэсэг бөгөөд үйлчлүүлэгчийн бие махбод, хөдөлгөөний чадвар алдалтыг сэргээх, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн эмчилгээний чухал төрөл юм.
ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн хувьд, өдгөө хоёр Хөдөлмөрч засалчтай бөгөөд үйлчлүүлэгчийн бүтээмжит хөдөлмөр (ажил мэргэжил, суралцах), чөлөөт цагийн хөдөлмөр (хобби), амралт (нойр), өдөр тутам өөртөө үйлчлэх хөдөлмөр (хооллох, хувцаслах, бие засах, шилжилт хөдөлгөөн, ариун цэвэр сахих) зэрэгт сургах, нийгэм олон нийтийн амьдралд тэгш оролцох боломжийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн үйлчлүүлэгчдийн осол гэмтлийн дараах хөдөлмөрийн тэнцвэрт байдлын алдагдал, амьдралын шилжилтийн үеийн хямрал, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, ажиллах орчны эргономик тохиргоо зэрэг шаардлагатай асуудалд үнэлгээ хийж, тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой аж.