ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт хүүхдүүдийг дрон нисгэхэд сургахад шаардлагатай "сургалттай дрон" болон бусад хэрэгслийг сургуулиуд худалдан авч эхэлжээ. Холбогдох гэрээнүүд нь төрийн худалдан авах ажиллагааны вэбсайт дээр тавигдсан байна.
Санкт-Петербургт хоёр сургууль хүүхдэд зориулан дрон худалдаж авахад тус бүр нэг сая рубль зарцуулахаар төлөвлөжээ. 525 дугаар сургуулийг “өөрөө угсрах нисэх төхөөрөмжийн” иж бүрдлээр хангах бөгөөд есдүгээр сарын 1-нээс эхлэн 12-15 насны сурагчдад зориулсан “нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн загвар, программчлал” хөтөлбөрийг нээх юм. Тус сургуулийн сурагчид Оросын цэргийнхэнд зориулж гар урлал хийж фронтод хандивлаж байсан, мөн эзлэгдсэн Мариуполь дахь багш нартай уулзах уулзалтад оролцож байжээ.
Якутскийн Маганская дунд сургууль DJI Mini 3 Pro дрон зохион бүтээгчийг худалдаж авна. Энэ бол Украины дайнд оролцож буй хоёр талын тагнуулын зорилгоор ашигладаг Хятадын нисгэгчгүй онгоц юм.
Калининград хотын 50-р дунд сургууль 9.4 сая рублиэр "нисгэгчгүй төхөөрөмж зохион бүтээх сургалтын модуль" худалдаж авахаар төлөвлөж байна. Тус сургууль дахин таван сая рублийг "Агаарын гэрэл зургийн функцтэй нисгэгчгүй төхөөрөмж жолоодох программ хангамж, техник хангамжийн цогцолбор"-д зарцуулна.
Түүнчлэн Южно-Сахалинскийн 1-р лицей 2023 оны 4-р сард 1.5 сая рублийн үнэ бүхий "хүүхдийн" найман "Орленок", "Оса" нисгэгчгүй онгоц худалдаж авсан. Тус дронуудыг орон нутгийн мэдээллийн технологийн паркт "сургуулийн хүүхдүүдэд нисгэгчгүй онгоцыг удирдах чадварт сургах" зорилгоор бүтээжээ.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сургуулиудад нисгэгчгүй онгоцыг удирдаж сурах хөтөлбөрийг нэвтрүүлэхийг уриалсан. "Нэгдүгээрт, энэ нь хүүхдүүдийг ашигтай, сонирхолтой зүйлст анхаарлыг нь хандуулж, тэднийг хийх ёсгүй зүйлээс сатааруулна гэдэгт би итгэлтэй байна; Хоёрдугаарт, энэ эрт үеийн ажил мэргэжлийн чиг баримжаа болж эцсийн дүндээ улсад ч ашигтай байх болно "гэж Путин хэлжээ.
Эх сурвалж: Meduza