Хорт хавдрыг оношлох цусны шинжилгээний аргын туршилт амжилттай үр дүнг харуулсан гэж төсөл дээр ажиллаж буй Британи, Америкийн эрдэмтдийн баг мэдэгджээ. Энэхүү шинэ ажил нь 2020 оны хавар зарлагдсан. Цусны энгийн шинжилгээгээр эрдэмтэд 50 гаруй хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс өмнө эрт илрүүлнэ гэж найдаж байна. Томоохон хэмжээний туршилтууд нь 2021 онд Их Британи, АНУ-д эхэлсэн байна.
Британийн эрдэмтдийн мэдээлснээр Англи, Уэльсийн ерөнхий эмч нар шинж тэмдэг илэрсэн таван мянган хүнээс шинжилгээгээр гурван тохиолдол тутмын хоёрт нь хорт хавдрыг үнэн зөв илрүүлсэн байна. Тохиолдлын 85% -д хавдрын байршлыг зөв тодорхойлсон байна.
"Галерей" гэж нэрлэгдсэн шинжилгээний механизм нь удамшлын код болох ДНХ-д хавдраас цус руу орж буй химийн өөрчлөлтийн шинж тэмдгийг хайж олох явдал юм.
Эрдэмтдийн онцолж байгаагаар аргачлал дээрх ажил дуусаагүй байгаа ч эхний шатны туршилтын дараа аврагдсан өвчтөнүүдийн тоо нэмэгдэнэ гэж баттай хэлж болно.
Шинжилгээний сөрөг хариу нь одоогоор бие махбод эрүүл гэсэн 100% баталгаа биш байна. Шинжилгээгээр хорт хавдар илрээгүй шинж тэмдгийн шинжилгээнд оролцогчдын 2.5% нь ердийн оношилгооны скан, биопси аргуудаар илэрсэн байна. "Галерей"-ийн хөгжүүлэгчид энэхүү алдааг арилгах нь төслийн цаашдын ажилд тэргүүлэх зорилго болно хэмээн хэлж байна. Шинжилгээ нь толгой, хүзүү, гэдэс, уушги, нойр булчирхай болон хоолойн хорт хавдар зэрэг илрүүлэхэд хэцүү хорт хавдруудыг илрүүлэхэд илүү үр дүнтэй байна.
Их Британийн эрүүл мэндийн систем NHS энэ аргын туршилтыг 2024, 2025 онд дахин нэг сая хүнд хүргэхээр төлөвлөж байна.
Аргачлалын боловсруулалт, судалгааг Дана-Фарберын Хавдрын хүрээлэн болон Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Фрэнсис Крикын хүрээлэнгийн америк эрдэмтдийн баг, Лондоны Их Сургуулийн Коллежтой хамтран хийж байна. Тэдний үр дүнг Оксфордын их сургуулийн "Annals of Oncology" эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлжээ.
Төслийг Цахиурын хөндийн старт-ап компани Grail санхүүжүүлж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын нэг нь Amazon-ын үүсгэн байгуулагч Жефф Безос юм.
Эх сурвалж: BBC