Энэтхэг ойрын хэдэн арван жилийн түүхэнд тохиогоогүй аймшигт галт тэрэгний осол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан юм. Гурван галт тэрэг хоорондоо мөргөлдсөний улмаас 275 хүн амь эрсдэж 1,175 хүн бэртэж гэмтжээ.
Тус улсын Төмөр замын сайд Ашвина Вайшнав галт тэрэгний ослын шалтгааныг тогтоосон тухай мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр гэрлэн дохионы гэмтэл, алдаанаас болж осол гарсан гэж үзжээ. Дохио буруу асахад гаднын оролцоо байсан байж магадгүй бөгөөд хэргийг илүү нарийвчлан шалгасны дараа дүн мэдээг дахин танилцуулах ажээ.
Төмөр замын цахим түгжээний систем галт тэрэг бүрийн чиглэлийг тогтоож, тээвэрлэлт хийх аюулгүй байдлыг хангадаг байна. Гэвч зорчигч тээврийн галт тэргийг буруу зам руу чиглүүлснээс ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, замаас онхолдсон чингэлгүүд эсрэг урсгалын замд явж байсан хоёр дахь зорчигч тээврийн галт тэрэгтэй мөргөлджээ. Осол гарах үед нийт 2,000 орчим зорчигчтой зорчигч тээврийн хоёр галт тэрэгний зорчихыг зөвшөөрсөн ногоон гэрэл асаалттай байсан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ослын газарт очсон бөгөөд гэм буруутай этгээдэд хатуу ял шийтгэл оногдуулахаа амлажээ. Тус улсын Бихар мужид хар салхины үеэр галт тэрэг гол руу унаж осолдсоны улмаас 800 хүн амь үрэгдсэн осол 1981 онд гарч байжээ.
Эх сурвалж: ВВС