Цаг үеийн мэдээ

Австралид бага насны дөрвөн хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэргээр шоронд 20 жил хоригдсон эмэгтэйг суллажээ.

2003 онд Кэтлин Фолбиг өөрийн хүү Калеб, Патрик, охин Сара, Лаура нарыг арав гаруй жилийн дотор өөр өөр хугацаанд хөнөөсөн гэж тангарагтны шүүх тогтоосны дараа түүнийг "Австралийн хамгийн аймар цуврал алуурчин" хэмээн нэрлэжээ.

Шинэ Өмнөд Уэльсийн Дээд шүүх түүнд 40 жилийн хорих ял оноож, хамгийн эртдээ 25 жилийн дараа өршөөгдөж суллагдах боломжтой болгожээ. Түүний өмгөөлөгч тэднийг бүгд байгалийн шалтгаанаар нас барсан гэж мэдэгдсэн ч шүүх магадлал багатай гэж үзжээ. 

Өөрийгөө үргэлж гэм буруугүй гэдэгтээ бат зогсож байсан өдгөө 55 настай Фолбиггийн энэ хэргийг Австралийн шүүхийн хамгийн том алдаануудын нэг гэж нэрлэж байна. Фолбиггийн дөрвөн хүүхэд 19 хоногоос 19 сартайтай 1989-1999 оны хооронд гэнэт нас баржээ. Шүүх хуралдаанд оролцсон прокурорууд эмэгтэй тэднийг боомилсон гэж үзжээ. Үүний зэрэгцээ хүүхдүүдийн боомилсон, бие махбодод гэмтэл учруулсан гэх материаллаг нотлох баримт байгаагүй байна. Фолбиггийг нэмэлт нотлох баримтын үндсэн дээр буруутгажээ. Түүний өдрийн тэмдэглэлд эх хүн байх нь түүнд амаргүй байсан, хүүхдүүдийнхээ үхэлд өөрийгөө буруутгаж байна гэсэн бичилтүүд байсан аж.

Үүний дараагаар Фолбиггийн өмгөөлөгчид 2019 онд хэд хэдэн давж заалдах гомдол гаргаж, хэргийн талаар шинэ мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн боловч үр дүн өгөөгүй байна. Гэсэн хэдий ч тэтгэвэрт гарсан шүүгч Том Батёрст удирдсан шинэ мөрдөн байцаалтын дараа прокурорууд хүүхдүүдийн үхлийн шалтгааны талаарх тэдний ойлголт өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү мөрдөн байцаалтын явцад шинжээчид түүний өдрийн тэмдэглэл нь тусалж дэмжих хүнгүй байсан гашуудаж буй ээжийн эмгэнэлт үйл явдлуудаа даван туулах арга зам нь байсан гэж шинжээчид үзжээ. Мөн дөрвөн хүүхэд бүгд ямар ч биеийн шинж тэмдэггүй боомилсон байх магадлал багатай гэдгийг онцолжээ. 

Гэвч прокуроруудын үзэл бодлоо өөрчлөхөд хүргэсэн гол шалтгаан нь дархлаа судлаачдын хийсэн дүгнэлт байжээ. Тэд Фолбиггийн охид Сара, Лаура нараас CALM2 G114R хэмээх нийтлэг гений мутацийг илрүүлсэн бөгөөд энэ нь гэнэт зүрх зогсоход хүргэдэг байна. Түүнчлэн түүний хөвгүүд болох Калеб, Патрик нар гений өөр мутацитай байсныг эрдэмтэд тогтоожээ. Австралийн үндэсний их сургуулийн судалгааны багийг ахалсан профессор Карола Винуэсагийн хэлснээр, эрдэмтэд түүний хүүхдүүдийн ДНХ-ийн дээжийг шинжлэхээс өмнө Кэтлин Фолбиггийн өөрийнх нь ДНХ-ийн ер бусын генийн дараалалд анхаарлаа хандуулсан байна. "Бид эхний туршилтыг хийж, маш сэжигтэй харагдах гений хувилбарыг олсон” гэж Винуэса ВВС-д өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Профессорын онцлон тэмдэглэснээр, энэ генетикийн мутацитай холбоотой үхэлд хүргэж болзошгүй зүрхний өвчний зөвхөн 134 тохиолдол дэлхийд мэдэгдэж байна.

Профессор Карола Винуэса Фолбигг өршөөх шийдвэрийг ижил төстэй нөхцөл байдалд байгаа бусад эмэгтэйчүүдэд итгэл найдвар төрүүлж чадах гайхалтай үйл явдал гэж нэрлэжээ.

Австралийн Шинжлэх Ухааны Академи мэдэгдэлдээ, энэ хэрэг нь шинжлэх ухааны ололт амжилтын үүднээс тус улсын хуулийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулж байна гэж мэдэгджээ.

Түүний өмгөөлөгч Рани Рего "Кэтлин Фолбиггд учирсан зовлонгийн цар хүрээг мэдрэх боломжгүй. Хүүхдүүдээ алдахын зовлон, хэзээ ч болоогүй хэргээр чанга дэглэмтэй хорих ангид хорь гаруй жил хоригдохыг мэдрэх боломжгүй" гэж хэлжээ.

Түүнийг шоронгоос суллагдахад түүнийг суллуулахын төлөө олон жилийн кампанит ажилд оролцсон найзууд нь угтан авчээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа