Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арван хоёр дугаар ангийг 34.117 хүүхэд төгсөж Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгнө. Төгсөгчид Математик, Англи хэл, Түүх, Хими, Газарзүй, Нийгэм судлал, Биологи, Физик, Орос хэл, Монгол хэл гэсэн 10 хичээлээр шалгалт өгнө. Нэг үгээр хэлбэл сурагчид амьдралынхаа нэгэн том алхмыг хийнэ гэсэн үг. НИТХ-ын Төлөөлөгч Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нарын хийж хэрэгжүүлж буй ажлын нэгдүгээрт хүүхдийн боловсролын чиглэлд хийгдэх ажил байдаг. Хүүхэд залуучууд уруу чиглэсэн олон ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр ч шинэ шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байгаа. Үүний нэг нь “Баян зүрхтэй зүтгэлтэй 100 төгсөгч” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нар санаачлан “Оюунлаг” сургуультай хамтран 04 дүгээр сарын 06-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 2 сарын хугацаанд үргэлжилсэн юм.
Сургалтад Баянзүрх дүүргийн 30, 44, 53, 69, 148 дугаар сургуулийн төгсөх ангийн 100 хүүхэд буюу тус дүүргийн 5, 16, 19, 22, 24, 31, 32, 40, 41 дүгээр хорооны сурагч хүүхдүүд хамрагдлаа.
Өнгөрсөн 2 сарын хугацаанд хүүхдүүд “Оюунлаг” сургууль дээр Математик, Физик, Англи хэл, Нийгэм судлалын хичээлээр гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдсан юм. Хөтөлбөрийн төгсгөлд нийт сурагчдаас сорилт авсан бөгөөд уг сорил шалгалтаар хүүхдүүдийн дундаж оноо 700 байлаа.
Дашрамд дурдахад 2 ба түүнээс дээш хичээл дээрээ 800 оноо авч их дээд сургуульд элсэн орсон хүүхдүүдийн эхний нэг жилийн сургалтын төлбөрийг НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдавга, Б.Сүхбаатар нар 100 хувь даах юм байна.
Сурагчид 06-р сарын 15-наас эхлэн Элсэлтийн Ерөнхий Шалгалтуудаа өгч эхэлнэ.