Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанд “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар 6 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар танилцуулсан бөгөөд Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсноор ихээхэн ахиц дэвшил авчирсан болохыг тэмдэглэлээ.

Эргэн сануулахад, 

- Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.

- Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээний тухай” 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 435, “Төрийн нууцад хамаарах мэдээлэл ил болгох тухай” 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгээд байна.

- “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд 7 бүлэг, 37 ажил, арга хэмжээ бүхий календарчилсан төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажилласан бөгөөд биелэлт 91,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд компанийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан 59, хүний нөөцтэй холбогдолтой 329 тушаалыг тус тус гаргаж, хэрэгжилтийг тооцон ажилласан.

- “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл, “Богдхан” төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв төслүүдийн маш нууц, нууц зэрэглэлтэй 40 гэрээг ил болгон олон нийтэд мэдээлсэн.

- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийлгүүлж, санхүүгийн аудитын дүгнэлтээр албан шаардлага 9, залруулга 6, зөвлөмж 14, төлбөр барагдуулах акт 3, бусад 2 асуудал гарсныг залруулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн 94 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгой-Зүүнбаян’’, ”Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл, “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд  болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийсэн. Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.

- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтэц, гүүр, хоолой, хиймэл байгууламж, дохиолол холбоо, зөрлөгүүдийн зам сумын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулсан бөгөөд төмөр замыг байнгын ашиглалтад оруулаад байна.

- “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, шалгарсан БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци” ХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж, ТЭЗҮ, иж бүрэн зураг төслийг 2023 онд багтаан дуусгахаар ажиллаж байна.

- Хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ, хэлцэл үйл ажиллагааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн.

- Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаа, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл олон нийтэд нээлттэй болж, төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж цаашид компанийн үйл ажиллагаа тогтвортой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзлээ.