Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Старлинк" компанитай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр: “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор  хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан. Энэ хүрээнд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаа 

"Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид бол Японд 2022 онд, Филиппинд 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.

Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн хөдөө орон нутагт суугаа малчдад хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээдгүй дагуулж байгаа.

Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн "Старлинк компани анх 2022 оны тавдугаар сарын 6-нд ХХЗХ-д монголд компанийн байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг.

Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитыг хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд "Старлинк" компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн байсан. Нам орбитын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад газрын станц байгуулах шаардлагагүй байдаг. Яагаад гэхээр иргэд өөрсдөө тавган антен аваад шууд хиймэл дагуулаас интернетийг татан тухайн байгууллагатаа төлбөрөө төлөөд болж байхад заавал газрын станц байгуулах ёстой гэсэн шаардлага тавих нь зохимжгүй.

Өчигдөр ерөнхий сайдын уулзалтын үеэр еранхий сайдын зүгээс энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд татварын бодлогоор дэмжих болон цаашлаад дотооддоо үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүйгээр хамтарч ажиллах чиглэлээр ярилцсаны дагуу Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, “Старлинк Монголиа” компанийг Монгол улсад нэвтрүүлэхэд  хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгоно. Долдугаар сард "Старлинк" компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрэхээ илэрхийлсэн. Мөн ногоон технологийг дэмжих чиглэлээр ажиллахаар ажлын хэсэг байгуулсан" гэлээ.