Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа хотын гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь байлгах чиглэлээр гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг аж ахуйн нэгжүүдэд дараах үүргийг өгөв.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд гэрэлтүүлгийн 83,281 ширхэг шон, 105,235 ширхэг гэрэлтүүлэгч, 1300 ширхэг гэрэлтүүлгийн удирдлагын самбар ашиглагдаж байна. 

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн асалтын байдалд хяналт шалгалтыг явуулсан бөгөөд шалгалтаар асалт 98 хувьтай байна. 

Энэ асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр хотын хэмжээнд гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг 21 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь байлгах чиглэлээр үүрэг өгөв.

Тэрээр хэлэхдээ хотын гэрэлтүүлгийн 1 хувь нь асахгүй байгаагийн цаана мянга гаруй гэрэл асахгүй байна гэсэн үг. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд зорчих эрхийг зөрчиж байна.  Иймд хотын гэрэлтүүлгийн асалтыг 100 байлгах тал дээр анхаарч ажиллах хугацаатай үүргийг өгөв. Үүнд:

- 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд аж ахуйн нэгжүүд үзлэгийг өөрсдөө зохион байгуулж шалтгаан нөхцөлийг гаргах  

- Засварыг 6 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд хийх 

- Шийдвэрлэх асуудлын саналыг 6 дугаар сарын 12-ны өдөр Захирагчийн ажлын албанд ирүүлсэн байх

- Улс,нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн замын гэрэлтүүлгийг ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах ЗТХЯ, Барилгын хөгжлийн төв, УБЦШС  зэрэг захиалагч, гүйцэтгэгч, хянагч, хүлээн авсан байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг 6 дугаар сарын12-ны дотор байгуулах

- Нийслэлийн Засаг даргын “Гэрэлтэй хот" мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах хүрээнд хөшөө дурсгал, барилгын пасад, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн гэрлэн чимэглэлийг техникийн дэвшил ашиглан ухаалаг шийдэлтэй болгох

- Явган хүний замын гэрэлтүүлгийн шонг шилжүүлэхдээ замын нөхөн сэргээлтийг хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.