Мягмар гарагийн шөнө Орост эзлэгдсэн Херсон мужийн Нова Каховка дахь усан цахилгаан станцын далангийн дээд хэсэг нурж, хяналтгүй ус урссан байна. Уг хэрэгт Орос, Украин хоёр бие биенээ буруутгаж байна. Днепр мөрний эзлэгдсэн зүүн болон Украины хяналтад байдаг баруун эрэгт орших Херсон мужийн оршин суугчид үерийн улмаас гэр орноо орхин гарахаас аргагүйд хүрчээ. Украины хяналтад байдаг Херсон мужийн эрх баригчдын мэдээлснээр 5000 гаруй байшин барилга усанд автсан байна. Нийт 16 мянган хүн амтай 17 сууринд усны түвшин дээд цэгтээ хүрсэн гэж Украины эрх баригчид мэдээллээ. Тус газруудад нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.
Эзлэгдсэн талын эрх баригчдын төлөөлөгчид Херсон мужийн эрэг орчмын суурины 1500 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж Оросын арми мэдэгджээ.
Днепр мөрний эрэг үерлэх нь цэргийн утгаараа Оросын армид илүү ашигтай гэж хэсэгчлэн эзлэгдсэн Запорожье мужийн Оросын захиргааны тэргүүн Владимир Салдо лхагва гарагт мэдэгджээ. Тэрээр "Цэргийн үүднээс авч үзвэл нөхцөл байдал одоо Оросын Зэвсэгт хүчний талд илүү ашигтай байна" хэмээн хэлжээ.
Украины арми Херсон мужид хийх сөрөг довтолгооны төлөвлөгөөг засах шаардлагатай болно гэж тус улсын ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк хэлжээ. Үерт автуулж Херсон мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн Каховка усан цахилгаан станцыг осол нь Украины зарим төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болж магадгүй гэж үзэж байна.
Киев, Москва хоёр бие биеэ Каховска усан цахилгаан станцыг сүйтгэсэн гэж буруутгаж байна. Үүнд хэн буруутай вэ гэсэн асуултад тодорхой хариулт өгөхийн тулд илүү их мэдээлэл хэрэгтэй гэж АНУ, Их Британи үзэж байна. Үүний зэрэгцээ Америкийн дайны судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд Оросын цэргүүд усан цахилгаан станцыг зориудаар нураасан гэж үзэх хандлагатай байна.
Эх сурвалж: BBC