Ерөнхий сайд Жастин Трюдогийн хэлснээр Канад улсад одоо 414 ой хээрийн түймэр асаж байгаагийн 239 нь хяналтаас гарсан байна. 20 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.
Эдгээр түймрийн улмаас АНУ-ын хотуудад Нью-Йорк, Вашингтон болон бусад хотод түймрийн утаа татсан байна.
Бритиш Колумби, Альберта, Онтарио, Нова Скотиа болон баруун хойд нутаг дэвсгэрт 3,3 сая га ой шатаж байна. Канадад жилийн энэ үед хээрийн түймэр гарах нь элбэг байдаг. Гэхдээ энэ жил гарсан түймрийн цар хүрээ ер бусын байгаа бөгөөд энэ нь зарим талаараа хуурайшилт, дулааралтай холбоотой юм.
Торонто, Оттава, Нью-Йорк, Вашингтон зэрэг Канад, АНУ-ын олон хотуудад тэнгэр улбар шар өнгөтэй болжээ. Оттавагийн эрх баригчид гал түймрээс үүдэлтэй агаарын бохирдлыг хүмүүсийн эрүүл мэндэд, ялангуяа амьсгалын замын өвчнөөр шаналж буй хүмүүсийн эрүүл мэндэд маш аюултай гэж үзэж байна.
Нью-Йорк, Вашингтонд улсын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд Нью-Йорк хотын дарга Эрик Адамс нөхцөл байдал улам дордож болзошгүйг анхааруулж, хүн амыг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.
Цагаан ордон ой хээрийн түймэртэй тэмцэхийн тулд Канад руу тусламж илгээж байгаагаа мэдэгджээ. Тусгай онгоцоор тоноглогдсон АНУ-ын 600 гаруй гал сөнөөгч Канадын мэргэжил нэгтнүүддээ тусалж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгджээ.
Эх сурвалж: BBC