Владивосток дахь БНАСАУ-ын Ерөнхий консулын газрын төлөөлөгчийн эхнэр хүү хоёр алга болсны дараа ОХУ-ын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
БНАСАУ-ын Консулын газрын төлөөлөгч Чой Ён Намын эхнэр 43 настай Ким Кум Сун, хүү 15 настай Пак Квон Жу нар Владивосток дахь БНАСАУ-ын Ерөнхий консулын газрын нутаг дэвсгэрт амьдарч байжээ. 6-р сарын 4-ний өглөө тэд гарч явснаас хойш тэдний байршил тодорхойгүй байна. Тэднийг алга болсон тухай мэдээллийг дипломатч өөрөө өгсөн байна. Цагдаагийнхны үзэж байгаагаар тэд Хятад эсвэл Өмнөд Солонгос руу зугтсан байж болзошгүй байна.
Baza Telegram сувагт цагдаагийн мэдээлснээр Хойд Солонгосын иргэн хүүгийн хамт Ерөнхий консулын газраас таксигаар гарч, өөр машинд суугаад Хабаровскыг чиглэн явсан тухай мэдээлжээ. Цагдаа нар тэдний суусан таксины жолоочийг олжээ. Хяналтын камерын бичлэгүүд түүний үгийг баталжээ. Дипломатчийн хүү, эхнэр хоёр таксигаар Хабаровск руу явж, тэндээсээ Красноярск руу онгоцоор ниссэн байна.
БНАСАУ-ын иргэд дарангуйллын дэглэмээс ардчилсан Өмнөд Солонгос руу дүрвэх тохиолдол их байдаг бөгөөд тус улсын эрх баригчид тэднийг хүлээн авч, орон нутгийн нийгэмд дасан зохицоход тусалдаг. Орос, Хойд Солонгос 2 улсын хил нь Хойд, Өмнөд Солонгосын хоорондох шиг чанга хамгаалалтгүй байдаг тул ихэвчлэн Оросоор дамжин зугтдаг байна.
Эх сурвалж: Радио Свобода