Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь алахыг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг хохироосон хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, Иргэн Б нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр таксигаар үйлчлүүлж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б-ийн хоолойг хутгаар хэрчиж амь насыг нь хороосон, улмаар тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогчийн үеэл ах Г-ыг хутга барин хөөж алахаар завдсан гэх хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.