Цаг үеийн мэдээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очих юм. Зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулж, иргэд ойр байгаа аюулгүйн талбайд цугларан гарна.

Эхний дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж хүлээнэ. Гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ. Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж хүлээх юм. Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрэм баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу. Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ