Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Засгийн газар нь хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд түнш орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын хамтарсан судалгааг хийх, хөгжлийн талаар зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх үүднээс 1 жилийн хугацаанд Солонгосын хөгжлийн институт (Korea Development Institute)-ээр дамжуулан зохион байгуулдаг “2022/23 Мэдлэг хуваалцах хөтөлбөр (Knowledge Sharing Programm)”-ийн хүрээнд “Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги: хүнд үйлдвэрт анхаарах нь” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Солонгосын хөгжлийн хүрээлэн, Солонгосын жижиг, дунд үйлдвэрийн институт, Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхимын  дэргэдэх Солонгосын уул уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн корпорац хамтран БНСУ-ын Сөүл хотод өнгөрөгч 7 хоногт зохион байгуулсан Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцэх “Хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт”-д  УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн оролцлоо.

Тэрбээр арга хэмжээг нээж, Монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавьж, ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын шатыг ахиулах, олборлолтоос баяжуулалт, боловсруулалтад өндөр технологи нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч хөрөнгө оруулагчдад татварын болон, бусад олон талын таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар УИХ, Засгийн газараас хууль, эрх зүйн орчинд дорвитой өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар тэмдэглэн хэлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн түүхий эдийг дотооддоо боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримталж, төмөрлөг, зэсийн баяжмал боловсруулах, нүүрс гүн боловсруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд зарим томоохон төслүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг дурдлаа.

Арга хэмжээнд БНСУ-ын талаас Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхим (KOCHARM)-ийн гүйцэтгэх дэд захирал WOO, Tai-hee, Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Худалдааны хамтын ажиллагааны газрын дарга KIM, Jong-chul, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фермийн зөвлөх Hur Kyunk Wook, Солонгосын хөгжлийн хүрээлэн (KDI)-ийн ОУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны төвийн мэргэшсэн зөвлөх, төслийг хариуцагч LEE Tai Hee, Солонгосын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-ийн дарга Na Do-Sung, KISME-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ахлах судлаач Youn Young Ho, KISME-ийн ТУЗ-ын гишүүн судлаач Lim Chong-in, Choi Jang-ho, Korea Industrial Complex Corporation мэргэшсэн зөвлөх, судлаач Choi Jong tae,  KDI-ийн ОУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны төвийн судлаач, KDI Төслийн зохицуулагч Yoon Keunyoung, Samsung C&T, Samsung Erdsam International, Taihan Global Infratec, Taihan Cable & Solution, MSC зэрэг компанийн төлөөлөл 50 гаруй хүн, Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгжийн дарга, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Налайхын барилгын материалын ҮТП, “Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги: хүнд үйлдвэрт анхаарал хандуулах нь” төслийн зөвлөх зэрэг хүмүүс оролцов.

Уулзалтын үр дүнд, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд зэс утасны үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаа тухайгаа Taihan компанийн тэргүүн Hayong Park илэрхийлсэн бөгөөд тус компани нь 1999 оноос эхлэн Монголын  Skytel, MCS, Шунхлай групп, Unitel зэрэг компаниудтай хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажилласан туршлагатай Солонгосын хөрөнгө оруулалтын томоохон компаниудын нэг  гэдгийг тодотгов. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Уул уурхай-металлург-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах, өнгөрсөн 30 жилийн хугацааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо Samsung C&T компанийн дэд ерөнхийлөгч Frank Kim илэрхийлсэн бөгөөд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг Монголын тал илэрхийлсэн.