Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.06.08/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
02 дугаар дүгнэлтийн талаах Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.6 дэд заалт; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зуйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана.” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 25.7.5 дахь заалтад “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:” гээд 25.7.5.а дэд заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 25.7.5.6 дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;”, 25.7.5.в дэд заалтад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.” гэж хуульчлан хяналтын шатны шүүхийн чиг үүргийн зорилгыг тодорхойлж, хяналтын журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тохиолдлыг заажээ.
Улмаар дээрх хуульд нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.
Гэхдээ Улсын дээд шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн", “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” тохиолдолд хянан шийдвэрлэхээр хуульчилсан нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгыг бүрэн хангаагүй, хэргийн оролцогчдын хяналтын шатны шүүхэд хандах боломжийг хязгаарласан байна. Тодруулбал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан бусад тохиолдлуудыг Улсын дээд шүүх хянах боломжгүй болгон явцууруулж хуульчилсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндсөн байна.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны процессын хууль хоорондын уялдааг хангах хүрээнд шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хязгаарласан эрх зүйн хийдлийг арилгах шаардлагатай байна хэмээн үзжээ.
Ингээд Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 25.7.5.6 дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;”; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, 123.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.”; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, 1.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.”; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт"... зөрүүтэй хэрэглэсэн эсэх,...”; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, 172.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ...” гэж заасанд нийцээгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.6 дэд заалт; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, мөн хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь иргэдийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж үзсэн хэмээн танилцуулсан.
Ингээд Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 25.7.5.6 дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;”; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, 123.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.”; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, 1.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.”; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ...”; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;”, 172.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр өөрийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд ханддаг байх нь зүй ёсны асуудал бөгөөд гомдол гаргасан хүн шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран шүүхийн бүх шатанд хандаж асуудлаа шударгаар эцэслэн шийдвэрлүүлсэн гэсэн итгэл үнэмшилтэй үлдэх нь чухлыг онцлоод, хүний эрхийн асуудал дээр онцгой мэдрэмжтэй хандах ёстой хэмээн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хяналтын шатны шүүх хяналтын журмаар гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хэдэн хувийг өөрчилж шийдвэрлэсэн статистик судалгааны талаар, УИХ-ын гишүүн Д.Ганбат нэг асуудлаар шат шатны шүүхээс өөр шийдвэр гаргадаг талаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хяналтын шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, шалгуурын талаар асуулт асууж, хариулт авсан байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй талаар дурдаад хуулийн байгууллага мөрдөж байгаа хэргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж байгаа хэрэг мөн эсэх, ингэснээр хэлмэгдүүлэх нөхцөл бүрдэж болзошгүй учир хүний эрхтэй холбоотой асуудал дээр мэдрэмжтэй хандах шаардлагатай хэмээн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд шат шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлага үүсэж байгаа тул холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар, УИХ-ын гишүүн Д Ганбат шат шатны шүүхүүд хуулийн нэгдмэл хэрэглээнд алдаа гаргаж байж болзошгүй талаар тус тус үг хэлжээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 7.5 а дэд заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.6 дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.’’; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..."; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ..." гэж заасанд нийцээгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн атлаа ийм хуулийн энэ заалтуудыг түдгэлзүүлсүгэй гээд үйлчлэлийг зогсоохоор заажээ. Өмнө нь ийм жишиг огт хараагүй. Хуулийн заалтыг түдгэлзүүлчихээр Үндсэн хууль зөрчсөн ч юм шиг. Тэгээд дээш нь уншихаар зөрчөөгүй ч юм шиг. Хожмын өдөр албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал гарч ирнэ. Яг ийм жишгээрээ болбол Үндсэн хууль зөрчөөгүй байна, гэхдээ огцруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй ч гэдэг юм уу. Үүнээс харахад хууль тогтоох эрх мэдэл рүү халдаж байна. Цэцийн шийдвэр гурван хуульд өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэлээ хэмээсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц нь хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргадаг байгууллага. Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гараагүй. Гэхдээ дүгнэлтийг үндэслэл хэсэгт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан бусад тохиолдлуудыг Улсын дээд шүүх хянах боломжгүй болгон явцууруулж хуульчилсан гээд биччихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүнийгээ нэг жаахан өргөтгөөч гэсэн санаа. Яг энэ үндэслэлийнхээ агуулгаар нийцээгүй байна гэдэг томьёоллыг Үндсэн хуулийн цэц хэрэглэсэн юм байна гэж ойлгож байгаа.
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр энэ асуудлыг хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээж авъя гэдгийг дэмжсэн. Үндсэн хуулийн цэцийн ийм байдлаар өргөтгөөч гэж тусгаагүй ч бид Улсын дээд шүүхээс санал авсан. Улсын дээд шүүхийн саналын дагуу ярилцаад хууль тогтоомжоо боловсронгуй болгоё гэдэг байр суурь дээр гишүүд нэгдээд Хууль зүйн байнгын хороо цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн гэсэн хариултыг өгсөн юм.
Дараа нь санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус бүрд нь дэмжиж, холбогдох тогтоолыг эцэслэн баталлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байна.
Тэрхүү хуралдаанаас Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “"Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “… илрүүлэх …” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож улмаар тус заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.
Хоёр байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “... илрүүлэх ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Байнгын хороодын саналыг дэмжин, УИХ-ын тогтоолыг баталлаа.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, Протокол соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Мөн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.
Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын хамгийн том түнш байгууллагын нэг болох Азийн хөгжлийн банктай ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус банкнаас Монгол Улсад хуваарилж болох 655 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг хийлээ.
Энэхүү санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын төсөв, эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг зөвшилцөн дэмжсэнээр хоёр талаас гарын үсэг зурсан.
АХБ-тай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь олон улсын гэрээ бөгөөд УИХ-аар зайлшгүй соёрхон батлах шаардлагатай тул ийнхүү хуулийн төслийг боловсруулж оруулж ирж байна. Тус хөтөлбөрийг УИХ-аар соёрхон батлуулснаар хөтөлбөрийн эх үүсвэрийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд энэ нь зээлийн гэрээ биш юм. Харин хөтөлбөрийг Улсын Их Хурлаар соёрхон баталсан тохиолдолд АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллах боломжтой болно гэлээ.
Хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойшх хугацаанд дараах төсөл, хөтөлбөрийн зээлүүдийн яриа хэлэлцээг АХБ-тай эхлүүлэн, бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ.
Төсвийн дэмжлэгийн хэлбэрээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 200 орчим сая ам.доллар. Үүнд:
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээг дэмжих төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;
Төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;
Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 400 орчим сая ам.доллар.
Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төслийн хүрээнд 100 сая ам.доллар орчим;
Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн 3-р үе шатны санхүүжилтийн хүрээнд 150 сая ам.доллар орчим;
Эрдэнэбүрэн Мянгад Улиастай эрчим хүчний ЦДАШ-ын төсөл багтаж буй аж.
Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50-55 сая ам.доллар. Үүнд:
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2-р үе шат багтжээ.
Одоо хэрэгжиж байгаа төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр 10-15 сая ам.долларыг тусгасан бөгөөд үүнд Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанарыг сайжруулах төсөл багтжээ.
Төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.
Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд туссан долоон төрлийн ажилд өөрчлөлт орсон эсэх, авч байгаа зээлийг ач холбогдлоор нь эрэмбэлдэг эсэх, төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн зээлийн хөтөлбөрт татварын удирдлагын нэгдсэн системийг шинэчлэх, банкны салбарт бодлогын шинэчлэл хийх зэрэг ажлууд туссан нь хэр үр ашигтай, оновчтой болох талаар, Тавантолгойн цахилгаан станц барих, стратегийн томоохон орд болох Асгат, Хармагтайд хөрөнгө оруулалт хийгдэх эсэх, эдийн засгийн өсөлтийг дэмждэг салбарууд, бизнес эрхлэгчид, хөдөө, аж ахуй, аялал жуулчлалаас гадна монгол брэндээ дэмжих, шинжлэх ухаан, инновацын салбарыг дэмжсэн хөрөнгө оруулалт хийх эсэх, УИХ-ын гишүүн Х.Баделхан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх хилийн боомтыг тохижуулах, зам харилцааг сайжруулах зэрэг ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг Улсын Их Хуралд хэзээ өргөн барих талаар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Азийн хөгжлийн банкнаас авсан өмнөх зээлийн төслийн тодорхой багцад эсвэл, бүхэлд нь үр ашгийн тооцоо, судалгаа хийсэн эсэх, төсөл хэрэгжсэнээр татварын орлого, ажлын байр хэдээр нэмэгдсэн, Сүхбаатар дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа дэд станц, дэд бүтэц баригдах ажил ямар шалтгаанаас зогссон, дэд бүтцийг айл өрхтэй холбоход тодорхой бодлогоор дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн боломж байгаа эсэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн ажлууд үр өгөөжгүй болох эрсдэлийн талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын /III үе шат/ төслийн хүрээнд хийгдэх үндсэн ажил болох гүүрүүдийн их засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Завхан-Говь-Алтай хооронд тавих Бүрэнгийн гүүрний асуудал төсөлд туссан эсэх, Говь-Алтай-Улиастай чиглэлийн авто зам аль талаасаа эхлэн тавигдах талаар, Монгол Ардын Намын намын мөрийн хөтөлбөрт туссан орон нутгийн чанартай нутгийн зам төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн төвтэй Дарви, Шарга, Дэлгэр, Баян-Уул, Хөх морьт зэрэг таван сумыг холбох ажлын Дэлгэр сумын 8 км, Шарга сумын 17 км, Баян-Уул сумын 20 км замыг төв замтай холбох ажил орсон эсэх, боомтын сэргэлтийн хүрээнд Бургастайн боомтын асуудал хэзээ орох талаар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан зээлийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой болгох, иргэддээ хүү багатай зээлийг хүртээмжтэй олгох асуудлыг Сангийн яам онцгой анхаарах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр зээлийн хугацаа, нөхцөлийг дэмжиж байгаа бөгөөд төслийн задаргааг эргэж харах, зээлийг эдийн засгийн үр ашигтай, оновчтой зарцуулах, төслийн нэгжүүдийн зардлыг бууруулахад анхаарах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ирэх оны төсөвт Өмнөговь аймгийн Даланзадгадаас Гурвантэс хүртэлх 320 км замын 80 км замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар, үлдсэн замыг нь орон нутгийн төсвөөс барих ажлыг тусгах, Улаанбаатар-Шивээхүрэн, Гашуунсухайт-Шивээхүрэн боомтыг авто замаар холбох боломж бүрдэх тул энэ асуудлыг анхаарч судлах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд 1.3 км суваг бүхий инженерийн байгууламж баригдсан боловч төсөв байхгүйн улмаас 90 м газарт сувгийн ажил зогссон тул шаардлагатай төсвийг шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд анхаарч шийдвэрлэх талаар тус тус үг хэлсэн болно.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 80 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийг соёрхон батлах санал хураалтыг маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтов.
Дараа нь “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор тус байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудит, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагдах, хурал чуулганд оролцох зэргээр олон улсын иргэний нисэхийн үйл хэрэгт оролцсоор ирсэн билээ.
“Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай” 1963 оны Токиогийн конвенцод манай улс 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэгдэн орсон.
Агаарын хөлөг, түүний дотор байгаа хүмүүс, өмч хөрөнгө, хөлгийн бүхээг дэх хэвийн журам, дэглэмд аюул учруулж болзошгүй агаарын хөлгийн бүхээг дэх хяналтгүй зан төлвийн ноцтой байдал, давтамж нэмэгдэж буйтай холбогдуулан түүнийг хязгаарлах, хэвийн журам, дэглэмийг сэргээн тогтооход харилцан туслалцаа үзүүлэх олон улсын хэм хэмжээг бэхжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2014 оны Нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас дээрх конвенцын нэмэлт протоколыг баталсан байна.
Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколоор агаарын хөлгийн бүхээг дэх гэмт хэргийн харьяаллыг илүү өргөжүүлсэн бөгөөд хэв журам зөрчсөн, гэм хорыг арилгахтай холбоотой нөхөн төлбөрийн зохицуулалтыг нэмж тусгажээ.
Энэхүү протокол нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 36 улс гарын үсэг зурж, 17 улс соёрхон баталж, 26 улс нэгдэн орж, 2 улс хүлээн зөвшөөрчээ.
Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт түвшинг олон улсын шинэчлэн сайжруулсаар байгаа стандарт шаардлагад нийцүүлэх, агаарын хөлгийн бүхээгт үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 80.0 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэхгишүүн гараагүй бөгөөд төслийг соёрхон батлах санал хураалтыг маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүнээс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо болон судлаачдын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллалаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурилан нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 56 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан болно.
Тус Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, дараах санал, дүгнэлтийг гарган Та бүхэнд танилцуулж байна гэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгох, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд дөрөв хүртэл өдөр байх, гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий төв болон салбар комиссын чиг үүрэг, гадаадад сонгууль авах үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдох зарим асуудлын талаар, сонгогч тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчид болон нам, эвсэлд санал өгөх, Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон хандивын талаар тайлан гаргах, сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн зардлыг бууруулах зорилгоор тойрог тус бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зохицуулалтыг тусгах, нам нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн төлөөлөл, оролцоог хангах, жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтад давхардал байгаа эсэхийг нягтлан шалгуулах зорилгоор сонгуульд оролцож байгаа нам, эвсэлд цахим хэлбэрээр 2 удаа өгөх зэрэг 55, хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан 4, нийт 59 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгодог зохицуулалтыг 18 хоног болгох талаар, УИХ-ын гишүүн Т.Доржханд саналын хуудаст нам, эвслийн нэрийг Улсын Их Хурлын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсааж, дарааллын дагуу бичих талаар тус тус санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.
Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ц.Туваан нар хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан болно.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар санал хурааж дэмжигдсэн зарим зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн эсэх, хэрхэн нийцүүлэх, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор нэгтгэсэн төслийн дагаж мөрдөх хугацааг нийцүүлэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.