Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн автозамын зорчих хэсэг автобус шатаж байна гэсэн дуудлагыг 6 сарын 8-ны өдрийн 10:20 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Эрдэм транс ХХК, жолооч Г.Б-ын жолоодож явсан ..... дугаартай тээврийн хэрэгсэл цахилгааны массаас үүдэлтэй шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид 5 минут ажиллан унтраажээ. Тус автобус нь 2023.05.12 өдөр оношилгоонд орж тэнцсэн автобус байжээ. 

Өмнө нь Атибус ХХК-ийн захирал Г.Баярмагнай : “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 50-60 хувь нь он засчихсан байдаг. Сүүлийн хоёр жилд юу болж байгааг мэдэхгүй. 2019 оны байдлаар 160 автобусныхаа 120-ыг нь үйлдвэрлэсэн оныг засч арлын дугаарыг өөрчилсөн байсан. Тодруулбал, “Эрдэм транс” ХХК жилд 60 автобус парк шинэчлэх ёстой. Нэг автобусны парк шинэчлэлд 40 сая төгрөг зарцуулагдана. Гэтэл хугацаа нь дуусаж нийтийн тээврийн хэрэглээнээс гарсан автобусаа актлахын оронд арлын дугаарыг нь сольдог" хэмээн мэдээлж байсан юм. 

Сар хүрэхгүй хугацааны өмнө үзлэг оношилгоонд орсон автобусанд цахилгааны масс үүсэн шатаж байгаа нь анхаарал хандуулах асуудал юм.