Цаг үеийн мэдээ

Талст молор ХХК-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

Ховд аймгийн Алтай сумын нутаг "Оцог хад" хэмээх газар 2015 онд хайгуулын лиценз авч, 2017 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа "Талст Молор" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг дээрэмдсэн хэмээдэг. 

Тэгвэл энэхүү үйл ажиллагааг иргэн Д.Цоггэрэл, өмгөөлөгч Р.Мэндсайхан, Хятад улсын иргэн Бинг Со Юи Ли нар ард иргэдийг төөрөлдүүлсэн мэдээлэл цацаж шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн шийдвэрийг зөрчиж удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байна.

Дээрх үйлдлийнхээ явцад хамгаалалт нэртэй 70 гаруй зэвсэглэсэн бүлэг хүмүүс аваачиж, уурхайн ажилчдын эрх чөлөөнд хэрцгийгээр халдаж, 10 орчим хүний биед гэмтэл учруулж, эд хөрөнгө эвдэн сүйтгэж, дээрэмдсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдлээ. Тус хууль бус гэмт үйлдлийг Ховд аймгийн Цагдаагийн газраас 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дуудлагаар очиж шалгасан ч гэмт этгээдүүдийг өдийг хүртэл эрүүгийн хариуцлагад татахгүй хаацайлсаар байна. Мөн тэдний гэх гомдлоор аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023.06.06-ны өдөр газар дээр нь очиж ажиллаад уурхайн үйл ажиллагааг "гэмт хэрэг гарч болзошгүй" гэх үндэслэлээр зогсоосон хэмээн хэлсэн байдаг.

Хэрэв энэ ажлын хэсэг уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаа бол үүний үр дүнд гарах хохирол, тэнд ажиллаж байгаа 100 гаруй ажилчдын цалин хөлсийг хариуцах уу? Ажлын хэсгийн албан ёсны шийдвэр цаасаар баталгаажиж гараагүй байхад "Уг уурхайн үйл ажиллагааг зогсоолоо..." гэх утга бүхий мэдээг мэдээллийн сайтуудаар цацаж байгаа нь үл ойлгогдож байна.

Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус компанийн үйл ажиллагааг зогсоох эсэхийг аймгаас томилогдсон ажлын хэсэг бус шүүх шийднэ. "Талст молор" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн маргаан Иргэний шүүхэд шийдэгдээгүй, уг маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд тус компанийн эрх, эд хөрөнгө, хувьцаа шилжүүлэхийг хориглосон шүүгчийн захирамж, мөн 2023.04.28-ны өдөр Д. Цоггэрэл Захиргааны шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар хууль бусаар улсын бүртгэгчид тайлбарлан, шилжүүлсэн бүртгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрүүд хүчинтэй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд нэг талыг барьсан олон нийтийг төөрөгдүүлсэн өмгөөлөгч Р. Мэндсайхан, бүртгэлээр эрх нь түдгэлзсэн захирал тус уурхайн эзэн гэх Д.Цоггэрэл, гадаадын хөрөнгө оруулагч гэх бусдын нэр барьсан хөрөнгө оруулагч эсэх нь тодорхойгүй Бинг Со Юи Ли нарын мэдээлэлд хууртахгүй мэдэгдье.

"ТАЛСТ МОЛОР" ХХК-ИЙН ЗАХИРГАА