Цаг үеийн мэдээ

Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хуульзүйн сайд Х.Нямбаатар  нар Ховд аймагт ажиллаж байна. Тэд эх орныхоо тусгаар тогтнол, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах ариун үйлсэд амь насаа зориулсан хилчдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүллээ.

1932-1952 оны хооронд үргэлжилж түүхэнд “Баруун хилийн тулгаралт” гэж тэмдэглэгдэн үлдсэн энэ үйл явдал нь Хятадын гоминдаан болон Оспаны дээрэмчид Монгол Улсын хилийг удаа дараа зөрчиж, хил орчмын айлуудыг түйвээн дээрэмдэх болсноос үүдэн гарсан бөгөөд одоогийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн газар нутаг, хилийн 1250 орчим км өргөн нутаг дэвсгэрийг хамарч, нийтдээ 62 удаагийн тулгаралтад Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуул, орон нутгийн иргэд болон хилийн цэрэгт туслах сайн дурын отрядын бие бүрэлдэхүүнтэй нийт 25,000 хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг.