Цаг үеийн мэдээ

Эртнээс Монголчууд дархан хүнийг бурхан ухаантай гэж хүндэтгэж ирсэн нь дархны бүтээл дэндүү чимхлүүр, нарийн ажиллагаа ихтэй байдаг билээ. 

Өмнөговь аймгийн Сэврэй сум “Ноён Сэврэй” хийцийн мөнгөн аяга урлах соёлын биет бус өвийг өвлөн уламжилдгаараа онцлогтой. 

Мөнгөн аяганы хийцээр Дарьганга хийц, Төв халхчуудын хийц, Ноён Сэврэй гэсэн гол 3 хийц түлхүү ашиглагддаг. Дарьганга хийц нь хөөмөл хээтэй, нимгэн, орц багатай байдаг бол Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аяга нь  зузаан, орц арвинтай, эдэлгээ удаан байдгаараа  алдартай. 

Уран дархан Э.Ганбаяр: Би ааваасаа ноён сэврэй хийцийн  мөнгөн аяга урлах, арга ухааныг сурсан. Манай ах дүү нар бүгд дархан хүмүүс байдаг. Ноён сэврэй хийцийн үнэ цэн нь эдэлгээ удаанд л оршдог, тиймээс аль болох эдэлгээтэй аяга хийхийн тулд 5-6 шат дамжлагаар аягаа хийдэг юм. Өвөг дээдсээс өвлөн ирсэн аяга урлах техникээ огт өөрчилдөггүй хэмээн сэврэй хийцийн аяга урлаач, уран дархан Э.Ганбаяр өгүүллээ.

Өмнөговь аймгийн Сэврэй суманд 200 жил өв дамжин хадгалагдсан ноён сэврэй хийцийн мөнгөн аяга өнөө ч бат бөх хэвээрээ, сэврэй хийцийн үнэ цэнийг улам тодотгосоор байна. 

Нүүдэлчин монголчуудын уламжлалт биет бус соёлын өв уран дарханы ухаанаар бүтсэн Монгол эмээл, морин хуур, ломбо, мөнгө аяга, цар гээд зөвхөн Монгол ахуй, өв соёл харагдах өөр хаана ч байхгүй уран нарийн хийц бүхий бүтээл дэлхийд гайхагдсаар байна.