Цаг үеийн мэдээ

Комиссын гишүүн Б.Энхболдын баталсан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай удирдамжийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг хариуцсан албан хаагч нар ШШГЕГ-ын харъяа 15 аймгийн Цагдан хорих  байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хүний эрхийг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байгаад эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдсон баривчлагдсан, ял шийтгэгдсэн хүмүүс байгаа эсэх,  хоригдогчийн хууль зүйн туслалцаа авах эрх, түр болон удаан хугацааны уулзалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх, хоолны хүнсний орц норм, илчлэг, хоригдогчдоос ангийн удирдлага, бусад эрх бүхий байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдол, саналын бүртгэл, түүний шийдвэрлэлтийн байдалд танилцаж ажиллалаа. 

Мөн 64 хоригдогчтой ганцаарчлан ярилцлага хийж, санал хүсэлтийг хүлээн авч хянаж байна.  

Хяналт шалгалтад хамрагдсан Цагдан хорих байранд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 264 хүн хоригдож байгаагаас 242 буюу 91.6 хувь нь эрэгтэй, 13 буюу 4.9 хувь эмэгтэй, 9 буюу 3.4 хувь нь хүүхэд байна. 

Хоригдогчдын холбогдсон хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Харин  үг  хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хүний эрхийг хамгаалах, нийтийн ашгийг хамгаалсныхаа төлөө хэрэгт холбогдсон, эрх чөлөөгөө хязгаарлуулж цагдан хоригдсон хоригдогч байхгүй байна. 

Хяналт шалгалтын явцад илэрсэн хүний эрхийн зөрчил арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан арга хэмжээ авч ажиллаж байна. 

Хяналт шалгалт үргэлжилж байна.