Цаг үеийн мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгын талаарх асуулгын хариуг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы (2023.06.09) үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн тавьсан “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчийн үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын овоолгын талаарх асуулгын хариуг сонслоо. Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өгөв.

“Эрдэнэт үйлдвэр” 1977 оноос исэлдсэн хүдрийг тусад нь овоолго үүсгэж эхэлсэн бөгөөд баяжyулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулснаар хөрс, ядуу агуулгатай худэр, исэлдсэн хүдэр гэж ангилж иржээ.

Тус үйлдвэрт 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 0.202 хувийн дундаж агуулгатай, 451.0 мян.тонн металл аryулсан, 227.9 сая тонн ядуу агуулгатай хүдрийн 6, 0.599 хувийн дундаж агуулгатай, 258.2 мян.тонн металл аryулсан, 51.9 сая тонн исэлдсэн хүдрийн 4, нийт 10 овоолго байна. Эдгээр нь үйлдвэрийн нөөц баялгийн балансад бүртгэлтэй байдаг бөгөөд овоолго үүсгэхэд гарсан зардлыг тухайн жилийн үйлдвэрлэлийн зардалд бүртгэдэг ба өнөөгийн үнэ цэнээр 500.1 сая ам.доллар болж байна. Ядуу аryулгатай хүдрийн 4a, исэлдсэн хүдрийн 10а овоолгyудыг хааж, бусад дээр нь одоо ч хүдэр буулгасаар байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар 1991 онд “Эрдэнэт концерн”-ыг байryулж, бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг оруулсан бөгөөд 1994 онд “Эрдмин” ХХК байгуулагдахад тус концерн 51 хувийг, АНУ-ын RCM Inc компани 49 хувийг эзэмшжээ. 2001 онд "Эрдмин" ХХК-ийн дүрмийн сангийн 25 хувийг "Эрдэнэт үйлдвэр"-т эзэмшүүлсэн байна.

Харин 2010 онд "Эрдэнэт үйлдвэр" XXК болон "Ачит-Ихт" ХХК-ийн хооронд зэс боловсруулах уйлдвэр барих гэрээ байгуулж, хувь эзэмшлийг 34/66 хувиар тогтоосон байна. "Ачит-Ихт" ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр 2014 онд ашиглалтад оржээ. Дараа жил нь буюу 2015 онд Ачит-Ихт" ХХК-д хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэн, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн балансын бус хүдрийн овоолгыг тус компанийн үйлдвэрт 20 жилийн хугацаанд ашиглуулж, борлуулалтын орлогоос ашиглалтын төлбөрийг 2015 онд 0.5 хувиар, 2016 онд 1.0 хувиар, 2017 онд 1.5 хувиар, 2018 оноос 2.0 хувиар улирал тутам тооцож авах гэрээ байгуулсан байна.

Мөн, "Зэс эрдэнийн хувь" ХXК тус үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолгyудыг түшиглэн жилд 10.0 мян.тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар ажиллаж байна.

"Эрдэнэт үйлдвэр" ХXК өөрөө исэлдсэн болон ядуу агуулгатай худрийг овоолгоо ашиглах чиглэлээр судалгаа туршилт, эрэл хайгуул хийж ирсэн байна. Тухайлбал, 2000-2005 онд БНСУ-ын Samsung болон Kores корпорациудтай хамтран цуврал туршилт, судалгаа хийж, 2004-2008 онд гидрометаллургийн Hydrocopper ба Galvanox технологиудын, 2014-2015 онд исэлдсэн хүдрийн баганан уусгалтын туршилт, судалгаа хийжээ. 2016 онд SX/EW технологийн туршилт явуулж, жилд 6500 тн катодын зэс үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр шийдвэрлүүлж, 2017 онд үйлдвэр барих талбайд геотехникийн судалгаа ба байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байна.

Засгийн газар бодлогын баримт бичгүүддээ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэн, уул ууpxaй, металлург-химийн үйлдвэрийн цогцолбор барьж, бүрэлдэхүүнд нь исэлдсэн хүдэр боловсруулж, жилд 10.0 мян.тонн катодын зэс үйлдвэрлэх SX/EW технологийн үйлдвэр байгуулахаар тусгаад байгаа тухай сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүний мэдээлснээр, “Эрдмин” ХХК 1997-2022 онд нийт 55 мян.тонн катодын зэс, 30.4 сая метр цахилгаан монтажны утас үйлдвэрлэж, 53.7 мян.тонн катодын зэс, 28.9 сая метр цахилгаан монтажны утас борлуулсан байна. Дээрх хугацаанд нийт 527.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 224.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт нийт 139.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин 2014-2022 онд нийт 84.2 мян.тонн катодын зэс үйлдвэрлэж, нийт 1.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Харин “Зэс эрдэнийн хувь” ХХК гэрээний дагуу 8a овоолгоос 1.3 сая тонн хүдэр авч, үйлдвэрлэлийн туршилт хийгээд байна хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэлдээ дурдлаа.

Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, овоолгууд Эрдэнэтийн өөрийнх нь баланст бүртгэлтэй, өөрийнх нь өмч мөн, эсэх, ядуу агуулгатай овоолгууд эдийн засгийн үр ашиггүй хэвээрээ байгаа эсэх, шинжлэх ухаан, технологийн ололт сайжирсан энэ цаг үед ядуу агуулгатай овоолгуудыг ашиглах боломж бий болж байгаа эсэх, исэлдэх хүдрийг ашиглах чиглэлээр Эрдэнэт үйлдвэр ямар бодлого барьж байгаа болон “Эрдмин” ХХК-д эзэмшиж байсан хувь эзэмшлийг 25 хувь болгож бууруулсан нь хуульд нийцэж байгаа эхэс талаар асуув. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, овоолгууд Эрдэнэт үйлдвэрийн балансын бүртгэлд байгаа, үйлдвэр энэ овоолгуудаа өөрөө 100 хувь ашиглах ёстой гэдэг байр суурийг яам хатуу барьж байгаа гэсэн хариулт өгсөн юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, зэсийн хүдрийг исэлдсэн, сульфидын гэж ангилдаг бөгөөд сульфидын хүдрийг хайлуулах технологиор, исэлдсэн хүдрийг уусган баяжуулах технологиор ашигладаг. Зэсийн үнэ өнөөдөр 8300 орчим ам.доллар байна. Цаашдаа өсвөл ядуу агуулгатай хүдрийг ашиглах боломжтой хэмээн хариуллаа. Үүний хариуд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эрдэнэт үйлдвэр “Ачит ихт” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байсан бол 130 сая төгрөгийн ноогдол ашиг авах байсан гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, ямар трейдер компаниудтай гэрээтэй ажилладаг, үнийн нөхцөлүүд ямар байгаа, тендергүй шууд худалдан авалтууд хэр хийгдэж байгаа талаар асуухад ерөнхий захирал Г.Ёндон, 2022 оны жилийн эцсийн дүнгээр үйлдвэр хүдэр олборлолтоо 101,8 хувиар, боловсруулалтаа 100.3 хувиар буюу үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. Ингэснээрээ 2022 оны жилийн эцэст 44 жилийнхээ түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоож 3.7 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан гэв. Мөн орон нутгийн төсөвт 1.8 их наяд төгрөг төлж, 450 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хуваарилжээ.

Г.Ёндон захирлын хариулснаар, Эрдэнэт үйлдвэр нийтдээ есөн компанитай нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг бөгөөд эдгээр компаниудтай 3-30 жил хүртэлх хугацаанд хамтран ажиллаж байгаа буюу найдвартай түншүүд аж. Түүнчлэн, бартерын болон оффтек гэрээ байхгүй юм байна. Борлуулалтын гэрээний үнэ төлбөрийн хувьд олон улсын жишиг нөхцөл байдаг. Дэлхий дахинд бүх компаниуд уг жишгийг мөрддөг аж. Эрдэнэт үйлдвэр бусад компаниудынхтай харьцуулахад маш сайн хатуу гэрээтэй байдаг бөгөөд зэсийнхээ үнийг Лондоны металлын биржийн үнээр тооцохын зэрэгцээ худалдан авагчаас төлбөрийн 95 хувийг ачилт эхлэхээс 1-5 хоногийн өмнө урьдчилж авдаг байна. Эцсийн төлбөр тооцоог хийхэд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн лабораториийн шинжилгээний дүнд үндэслэдэг ажээ.

Шалгаруулалтгүй шууд гэрээ байгуулах зарчмаар хийгдсэн гэрээ 2016 онд нийт нийт худалдан авалтын 70 орчим хувь байсан бол өнөөдөр нийт гэрээний 76,8 хувь нь нээлттэй тендер шалгаруулалтаар цахимаар хийгдэж байгааг ерөнхий захирал Г.Ёндон мэдээлэв. Цөөхөн тооны гэрээгээр нормчилсон материалуудыг шууд үйлдвэрлэгчээс нь авдаг ажээ.

Улсын Их хурлын гишүүн Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл орд буюу овоолгын ашиглалтыг цаашид хэрхэн сайжруулах, үндэсний зэсийн үйлдвэрлэлийг хэрхэн бодитойгоор дэмжих, дотоодод үйлдвэрлэж байгаа зэс утсаар хэрэглээгээ хангах талаар ямар бодлого баримталж байгааг асууж, сайд болон ерөнхий захирлаас хариулт авав. Мөн олон жил яригдаж байгаа цагаан тоосыг дарах талаар ямар ажил хийж байгааг асуухад ерөнхий захирал Г.Ёндон, энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг дурдан, үйлдвэрийн хаягдлын аж ахуйг иргэдийн суурьшлийн бүсээс холдуулж, шинэ байршилд байршуулах шийдвэрт хүрээд байгаа талаар ярив.

Мөн Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатар, овоолгын ашиглалтаас Эрдэнэтчүүд ямар ашиг шим хүртэх, “Эрдмин” ХХК, “Ачит Ихт” ХХК болон эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт өгдөг, үйлдвэрийн болон орон нутгийнханд ашиггүй шийдвэр гаргасан улс төрчдийн үйлдлүүдэд мэргэжлийн дүгнэлт гаргасан, эсэх зэрэг асуулт асууж, хариулт авлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон,компаниуд орон нутагт олон тооны ажлын байр бий болгож, ажилчиддаа өрсөлдөхүйц цалин хөлс олгодгийг дурдаад, Эрдэнэт үйлдвэр худалдан авалтынхаа ихэнх хувийг боломжоороо дотоодын ААН-үүд, тэр дотроо орон нутгийн ААН-үүдээс авдаг гэсэн юм. Тус үйлдвэр 2018-2022 онд Орхон аймгийн 127 аж ахуйн нэгжээс нийтдээ 107.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсний дээр аймгийн төсвийн 62 хувийг бүрдүүлсэн байна. Мөн нийгмийн хариуцлагын гэрээгээр жил бүр 3.0 тэрбум төгрөгийг Орхон аймагт өгдгөөс гадна 2018-2022 онд орон нутагт 27,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн Булган аймгийн төсвийн 52 хувийг Эрдэнэт үйлдвэр орон нутгийн татвар хураамжаар бүрдүүлж байгаа юм байна.

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчийн үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын овоолгын талаарх асуулгын хариуг сонссоны дараа уг асуулгыг тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр, энэ асуулгыг би тавиад байгаа юм биш Монголын ард түмэн тавьж байгаа. Надад 55 хүний гарын үсэгтэй хүсэлт байна. Энэ хүмүүс Эрдэнэтийн овоолгын шийдэж өгөөч ээ гэсний дагуу би үүнийг Ерөнхий сайдад тавьсан юм гээд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын өгсөн хариултыг хангалтгүй гэж үзэж буйгаа илэрхийсэн юм. Харин тэрбээр овоолгыг Эрдэнэт үйлдвэр өөрөө 100 хувь ашиглах ёстой гэсэн сайдын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлж, энэ талаар Г.Ёндон сайд буруушаав.

Тэрбээр, хувийн компаниудтайгаа хэлэлцээрийн ширээнд сууж, хамтын ажиллагааг үр ашигтай болгох чиглэлээр ажиллахыг зөвлөж, зэсийн эрэлт жил жилээр нэмэгдэж, 2040 он гэхэд оргилдоо хүрнэ гэлээ. Иймд овоолгыг ашиглах ажлыг үр ашигтай болгох талаар их зүйл хийх хэрэгтэй гэсэн юм.

Төсвийн тодотголын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонссоны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байгаад завсарласан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын их Хурлын гишүүн П.Анужин, хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгох болсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн үндсэн платформыг төсөлд тусгаж оруулж ирж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, тэтгэврийн зөрүүг арилгах, олон жилийн бухимдлыг эцэс болгох төсвийн тодотгол орж ирж байгааг үнэхээр дэмжүүштэй байна гэлээ. Тэрбээр Сангийн сайдад хандан, нэрийн дансны хоёр хувь, тэтгэвэр тогтоохдоо сүүлийн дараалсан долоон жилийн цалингийн дунджаар тогтоож байгааг таван жил болгох асуудлыг 2024 оны төсвийн төсөлд суулгах, эсэх талаар асуулаа. Үүнд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, энэ удаа төсвийн тодотголоор цөөнгүй зүйлийг шийдвэрлэж, нийгмийн асуудлуудыг цэгцлэх суурь тавигдаж байгаа учир цаашид бусад асуудлыг шийдэхэд амар болно гэсэн хариулт өгөв.

Улсын их Хурлын гишүүн  Б.Баттөмөр, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн параметрүүдийг хэрхэн тооцож байгаа, төсвийн тодотгол инфляцад ямар хэмжээний нөлөөлөл үзүүлэх, өсөлтийг бүтээмжтэйгээ хэрхэн уялдуулж байгаа, мөн орлогын өсөлтийг хөгжилд чиглүүлэх талаар хэрхэн төлөвлөх байгааг асууж хариулт авсан юм. Мөн тэрбээр цаашдаа элдэв зардлуудыг багасгаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалтай бус, гадаад, дотоодын зээлээр нөхөх биш, ашигтай болгох тэнцвэржүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөв. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа, Ковид19 цар тахлын дараа энэ жил огцом өсөлт гарч байна. 2019 онд ДНБ-ий хэмжээ 38 их наяд байсан бол өнөөдөр 60 их наядад хүрлээ. 2024 онд үүнээс давна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 3-4 жилийн дотор хоёр дахин өсөж байна гэсэн үг. Манай эдийн засгийн 80 хувь нь уул уурхайгаас, шууд бус хамаарлаа оруулах юм бол 90 гаруй хувь хамаарч байна. Ийм бүтцээр бид эдийн засгаа цаашид тогтвортой, урт хугацаанд өсгөнө гэж ярих нь учир дутагдалтай. Тийм учраас эдийн засгаа солонгоруулах, өөрсдөө үйлдвэрлэдэг, экспортолдог, тэгээд л валютаа олж ирдэг, эдийн засгийн дараагийн нэг уналт, дараагийн тахал гарахад өөрөө өөрийгөө аваад явж чадах эдийн засгийн бүтэцтэй болох ёстой гэлээ. Мөн тэрбээр, төсвийн зарлага нэмэгдэж байгаа учир үүгээр дамжаад хэрэглээний импорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл дээр сөрөг дарамт нэмэгдэнэ. Үүнийг саармагжуулахын тулд экспортоо нэмэгдүүлэх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатайг дурдаад, үүний тулд эрчим хүч, дотоодын үйлдвэрлэл, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг ойрын болон дунд урт хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн уул уурхайн салбараа эргээд яаж дэмжих, татварын баазаа нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий эсэх, Боловсролын багц хуулийг хэлэлцэж байхад гарч ирсэн салбар дундын санхүүжилтийн боломжийг төсөвт тусгах бололцоо бий эсэхийг асуув. Үүнд хариулахдаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хэмжээ бичил бизнесүүдийг дэмжих хэмжээний л санхүүжилт байдгийг дурдаад, энэ сангийн орлого нь гадаадаас ажиллах хүчин авч байгаа аж ахуйн нэгжүүдийн төлбөрөөс бүрддэг бөгөөд цаашид эдгээр сангуудын санхүүжилтүүдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж шийдвэрлэх шаардлагатай гэв. Сангийн сайд Б.Жавхлан боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчийг өргөжүүлэх бодлогууд бол уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа болохыг дурдаж, мөн татварын бодлогоор уул уурхайн салбарыг дэмжиж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг шинээр тооцоолохоор ажиллаж байгааг мэдээлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа хүүхэд хамгааллын зардлыг уян хатан зохицуулж, салбар дундаа тохируулаад явах боломжтой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг соёлын болон спортын салбарынхны цалинг тодорхой хэмжээнд нэмэхээр болж буй Засгийн газарт талархал илэрхийлээд, хөдөө орон нутагт, алс хязгаарт ажиллаж байгаа байгаль хамгаалагч нар, цаг уурчид зэрэг эрсдэлт нөхцөлд улаан гараараа тулж ажилладаг хүмүүсийн цалин, тэтгэмж маш доогуур байгааг хэзээ, хэрхэн шийдвэрлэх, тэтгэвэр тогтоолгохдоо бодит бусаар доогуур тогтоолгочихсон хүмүүсийн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа талаар асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Т.Аубакир нар хүсэлт гаргах боломжгүй, мэдээлэлгүй иргэдэд хүүхдийн мөнгийг хэрхэн олгох, эрүүл мэндийн салбарын сувилагч, асрагч, эмч нарыг цалинг хоёр дахин нэмж, дээр нь гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмэгдэл өгөх, асрагч нарын цалинг хүнд, хортой нөхцлөөр тогтоох, хөдөөгийн сургуулиудад компьютер, мэдээллийн технологийн кабинет байгуулах, Монголын Хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний транспорт тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах, нийгмийн даатгалын сангийн реформыг эрчимжүүлэх, төрийн дунд шатны байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат иргэдийн амьдрал хүнд байгааг дурдаж, өндөр ашигтай ажиллаж байгаа уул уурхай салбараас ноогдол ашиг олгох, хүүхдийн мөнгөний хүсэлтийг цахимаар шийдвэрлэх, Ирээдүйн өв санг арвижуулах талаар асууж хариулт авав. Түүнд өгсөн хариултдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, төр аль болох өөрөөсөө ачаагаа хөнгөлөх ёстой гэдэг бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байгааг онцлов. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, парламент дээр төрийн өмчит компани нэмж байгуулахгүй гэсэн тогтоол хэлэлцэж байхад Засгийн газар төрийн өмчит хөдөө аж ахуйн компани байгуулсан нь бодлогыг зөрчсөн үйлдэл болсныг анхааруулж, төсвийн тодотголд хувийн салбарыг дэмжих ямар бодлого суусан болон экспортод чиглэсэн бизнесийг дэмжих санхүүгийн ямар хөшүүрэг туссан, өмнөх төсвөөр эхэлсэн дуусаагүй барилгуудыг барьж дуусгах талаар асууж, хариулт авлаа. Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдэх боломжгүй гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэдийг дэмжих, зорилтот бүлгийн иргэдээ халамжид бүрэн хамруулах зэрэг асуудлыг хөндөж, сайд нар болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа эдгээр төслүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан талаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд ороцсон гишүүдийн олонх хуулийн төслүүд шаардлага хангаж байгаа гэж үзсэн тул хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын дэд хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсголоо. Хөтөлбөр соёрхон батлах тухай, Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Аялал жуулчлалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Хуулийн төсөл буцаах тухай Улсын их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонссонд тооцлоо.

Давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар ирэх долоо хоногт санал хураана

Дараа нь, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, цахимаар харилцах нөхцөлийг салбаруудын хууль тогтоомжид адилтган тусгаж, хууль хоорондын нийцлийг хангах, үүсээд байгаа зөрөөтэй ойлголтыг арилгах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна гээд, хэдийгээр байгууллагууд цахимд шилжсэн ч цаасан хэлбэрээр давхар хадгалж, бодит байдал дээр цахим шилжилт нь хурдасгуур биш давхар ачаалал болон хувирч байгаа тохиолдлууд ажиглагдсаар байгааг тэмдэглэв. Хуульд заасан “бичгээр” гэх нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулж ойлгохоор байгаа нь цахим шилжилтийг удаашруулж байгааг дурдаад, төрийн хууль тогтоомж нэг нь нөгөөдөө гох дэгээ, чагт зангилаа, цаасан хэрэм саад болж байгааг засаж залруулан, тайлж чөлөөлөхийн эрхэм дээд зорилго үр ашиггүй зардал чирэгдлийг бууруулах, авлигын хөрс болсон хүнд суртлын ханыг нураахад оршино гэв.

Дээрх төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх Инноваци, цахим бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцсэн тус байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслүүд батлагдсанаар цахим шилжилтийг бүрэн хийх боломжтой эсэх, цахим албан хэрэг хөтлөлтийн системийг төрийн бүх байгууллагууд нэвтрүүлж, архивлах боломжтой эсэх, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрч нотлох баримтын хэмжээнд үнэлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн байдал, төрийн албан тушаалтнуудын шийдвэрийг иргэдэд энгийн байдлаар хэрхэн хүргэх, шийдвэртэй танилцах бололцоотой эсэх, банк, и-монгол, нотариатын үйлчилгээний хэрэгжилт, үүрэг холбооны сүлжээг орон нутгийн алслагдсан байршлаас хамаарахгүйгээр технологийн дэвшлийг нэвтрүүлж байгаа эсэх, цахим архивын аюулгүй байдлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам газрын мэдээллийн сан, төрийн болон орон нутгийн өмчийн зуслангийн газрын хувьчлалын мэдээллийг нээлттэй, ил тод болгох эсэх, боловсролын баримт бичгийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр архивлах, иргэдэд цахим хэлбэрээр олгох эсэх, кибер аюулгүй байдлыг хангах нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөц, бэлэн байдлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор үндэсний бүртгэлийн системийг хэрэгжүүлэх боломжтой эсэх, үндэсний дата программыг сайжруулах судалгаа байгаа эсэх, сонгуулийн сурталчилгааны мэдээллийг иргэн бүрд түгээх боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар иргэний үнэмлэх дээрх тоон гарын үсгээ бүрэн ашиглах боломжтой эсэх, цахим гарын үсгийг ашиглах тоног төхөөрөмж хангалттай эсэх, “E-business” платформ бий болсноор иргэд компани байгуулж, энгийн болон тусгай зөвшөөрлийг цахимаар авах, сунгах бололцоотой эсэх, нотариатын үйлчилгээг иргэдэд цахимаар бүрэн хүргэж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын зөвшөөрлийг цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх, цахим орчинд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар Монгол Улс цахим үндэстэн болох зорилтын хүрээнд цахим хөгжлийг дэмжих хуулиуд батлагдсантай холбогдуулан нийт 60 орчим төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж хуулийн хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашид хэрэгжилтийг улам эрчимжүүлэх талаар, мөн дээрх хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа талаар үг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал нэгтэй дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.12-т заасны дагуу санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар болсноор чуулганы хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.