Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр тус улсын Хаан Абдулла II бин Аль-Хусейнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Йорданы Хаан Абдулла II Бин Аль-Хусейн Элчин сайд Э.Булганыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Йордан Улсын Хаанд уламжилж, Йорданы Хааныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсныг нотолж, Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Йорданы Хаан Абдулла II Бин Аль-Хусейн Элчин сайд Э.Булганд Монгол Улсаас Йордан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилд орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, Элчин сайдын Монгол-Йорданы харилцааг хөгжүүлэх үйлсэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улс, Йорданы Хашимитын Хаант Улсын хооронд 1981 оны 5 дугаар сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон.