Цаг үеийн мэдээ

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-ийн цахим хуудсанд оруулсан мэдээллийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хариу тайлбар гаргажээ. БОАЖЯ-ны ТНБД-ын баталсан удирдамжийн дагуу “Уул уурхайгүй Хөвсгөл ТББ”-ын хүсэлтийн дагуу Цэцэрлэг сумын нутагт орших “Могойн гол” ХК, “Хургатай Хайрхан” ХХК-иудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтаар “Могойн гол” ХК нь 2019 онд гарсан ус ашиглах дүгнэлтийн дагуу Цэцэрлэг сумын Засаг даргатай ус ашиглах гэрээ байгуулахгүйгээр Тэсийн голын усыг ашигласан, Байгаль орчны аудитыг 2 жил тутамд хийлгэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй, Стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газаргүй, Байгаль орчин, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллаагүй, Ахуйн хог хаягдлыг ангилан ялгадаггүй, шаардлага хангасан зориулалтын хогийн савгүй, Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх хүртэл түр хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. 

“Хургатай Хайрхан” ХХК газар дээр нь очиход үйл ажиллагаа явуулаагүй байсан. Хайгуулын талбай кемп, өрмийн нөхөн сэргээлт хийсэн талбай дээр хяналт шалгалт хийж, хөрснөөс 2 дээж авч итгэмжлэгдсэн лабораторид өгч шинжлүүлсэн.

АВСАН АРГА ХЭМЖЭЭ:             

“Могойн гол” ХК-ийн “Могойн голын уурхайгаас экспортын нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг түр зогсоох тухай” байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/33-01/078/02 дугаартай актыг гүйцэтгэх захирал Батхүүд хүлээлгэн өгч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурорт хянуулахаар хүргүүлж 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 233000290 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн бусад зөрчил дутагдалд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Түүнчлэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/33-01/078/07 дугаартай хугацаатай албан шаардлага өгсөн.

Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах “Могойн гол” ХК-ийн MV-017243, MV-000384 дугаар зөвшөөрөлтэй Могойн голын уурхайгаас Мөрөн чиглэлийн шороон замаар хөдөлгөөн үйлдэж буй хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүссэн тоосжилт, хөрсний эвдрэлээс байгаль орчинд учруулж буй хохирлыг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2364 дугаар албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд хүргүүлсэн.

“Хургатай хайрхан” ХХК-ийн хөрс, хог хаягдлын тухай хуулийг зөрчилд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 84 дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн байна. 

Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж буй үед хяналт шалгалтын хуулиар явцын мэдээллийг олон нийтэд түгээх нь хориотой ба хяналтын явцад нөлөөлнө гэж үздэг. Мөн Төрийн хяналт шалгалтын хуулиар хяналт шалгалт дууссаны дараа 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлэх хуулийн заалттай болно.