Манай улс 2023-2025 оныг “Welcome to Mongolia” уриа дор “Монгол зочлох жил” болгон зарласан. Тиймээс ч энэ зунаас эхлэн жуулчдыг татах, хүлээн авах бэлтгэлээ төр, хувийн хэвшилгүй базааж буй. Тэгвэл энэ зун манай улсад зочлох жуулчдад Монголын төрт ёс, ёс заншлаас сэдэвлэсэн сэтгэл хөдөлгөм найруулга, уран тансаг бүжиг бүхий “Тамгагүй төр” монгол драмын жүжгийг англи хэл дээр үзэх боломж бүрджээ. Тодруулбал, “Херо” энтертайнментын хамт олон, уран бүтээлчид жуулчдад зориулан “Тамгагүй төр” монгол драмаа англи хэл дээр тоглоход бэлэн болсон байна. Долоодугаар сарын 1-нд англи хэл дээрх “Тамгагүй төр” монгол драм Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хөшгөө нээнэ. Мөн тус бүтээлийг гадаад хэлнээ орчуулах, олон улсын үзэгчдэд хүргэх ажил үргэлжилж байгаа бөгөөд тус жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр хийсэн байна.