Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоолд оруулсан өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН БАГЦУУДЫН ТАРИФЫГ 20 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМСЭН

Монгол Улсын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдвар болон халдварт бус өвчлөлийн хяналтыг сайжруулах зорилгоор зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн эмгэгийн хяналт, хоол боловсруулах замын эмгэгийн хяналт гэсэн оношны хамааралтай бүлгийг шинээр үүсгэж, амбулаторийн хяналтын үзлэгийн тарифыг нэмэгдүүлэв.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЗОХИЦУУЛЛАА

Эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг иж бүрэн цогцоор нь үзүүлэхгүй, иргэдийг өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхээр илгээж чирэгдүүлдэг асуудал их байсан тул жирэмсний хяналтын багцыг шинэчилж, жирэмсэн эх биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нэмэлтээр өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэхээр зохицууллаа. 

СУМ, ТОСГОНЫ ЭМТ-Д ШҮД ЭМЧЛҮҮЛЭХ ЗАРДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нийцсэн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлэв.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад 1 шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэхээр, мөн сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Таны сурталчилгаа