Цаг үеийн мэдээ

Боловсролын багц хуульд туссан багштай холбоотой зарим заалтыг онцолж байна. 

• Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн багш мэргэжлийн сонгон бүлэгт суралцаж, амжилттай төгсөгчийг багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.

• Багшийг зөвхөн Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ. 

• Багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутан цэцэрлэг, сургуулийн багшийн сул орон тоон дээр дагалдан багшаар ажиллах боломжтой. 

• Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлнэ.

• Багшаас бусад мэргэжилтэй бол багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно.

• Багш нь Боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад чиг үүргийг гүйцэтгэхгүй. 

• Бие даасан нэгжтэй багшийн  хөгжлийн төв нь багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн үндэсний, бүсчилсэн, байгууллагад суурилсан сургалт, үйл ажиллагаагаар  мэргэжлийн хувьд хөгжинө .

• Багш 3 жил тутамд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. 

• Орон нутгийн захиалгаар эсвэл өөрөө хүсэлтээрээ хөдөө орон нутагт гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.

• Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын багш эхний 5 дахь жил болон дараагийн 3 дахь жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авна.

• Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

• Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.