Цаг үеийн мэдээ

Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-Өлзий Мосфильм кино концерний Ерөнхий захирал ОХУ-ын Ардын жүжигчин нэрт кино найруулагч Карен Георгиевич Шахназаров нарын албан санал солилцсоны дагуу 2023.08.29 өдөр Монгол кино нэгтгэлийн төлөөлөл продюсер Г.Төрбат Мосфильм кино концернд ажиллав.

Ажлын айлчлалаар Мосфильм кино концерний Орлогч захирал Андрей Алексеевич Гушинтай уулзаж өнөөгийн үйл ажиллагаа, орчин үеийн кино зах зээлийн зарчим руу хэрхэн амжилттай шилжсэн, шинээр ашиглалтад орсон зураг авалтын павильонууд тэдгээрийн ашиглалт, хувцас жижиг хэрэглэлийн фонд хадгалалт,  хамгаалалт, түрээслүүлж ашиглуулах журам, натурын талбай, кино музейн үйл ажиллагаа, онцлог зэрэг кино үйлдвэрлэлийн олон нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Энэхүү ажлын айлчлалаар Монголын кино бүтээгчдэд Мосфильмийн зүгээс мэргэжлийн сургалт явуулах, Мосфильмийн орчин үеийн киноны тоног төхөөрөмж, хувцас жижиг хэрэглэл, кино павильон, компьютер графикийн хэрэгсэл зэргийг хөнгөлөлттэй ашиглуулах, хуучны Зөвлөлтийн үед бүтээгдсэн Мосфильмийн бүтээлүүдийг Монгол хэл рүү хөрвүүлж үзэгчдэд хүргэх, хуучны кино хальсыг дижитал формат руу хөрвүүлэх, сэргээн засварлах зэрэг олон боломжуудын талаар санал солилцож хэрэгжүүлэхээр тохирлоо.