Их Британийн Засгийн газар Оросын хөлсний цэргийн "Вагнер" группийг алан хядагч бүлэгт тооцож, энэ бүлэгт элсэх нь хууль бус үйлдэл болно гэж мэдэгдсэн байна.
Орос, Украины дайны үед "Вагнер" бүлэг Украинд голлох дайралтууд хийж, мөн Сири, Ливи, Мали зэрэг хэд хэдэн улсад цэргийн түрэмгий үйл ажиллагаа явуулсан гэж олон улсын зүгээс буруутгадаг байна.
Тиймээс Их Британийн хуулиар "Вагнер" бүлэглэлийг алан хядагч өөр бусад бүлэгтэй нэг жишигт авч үзнэ гэж Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверман мэдэгджээ.
Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверман "Вагнер" бүлгийг алан хядагч бүлгийн тоонд оруулах тухай хуулийн төслийг мягмар гарагт Засгийн газарт өргөн барьсан байна. Тэрбээр "Вагнер" бүлгийн Украин болон Африкийн орнуудад хийсэн харгис үйлдлүүд нь даян дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн "Вагнер"-ынхан харгис үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал дайныг улам сунжруулах эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд "Вагнер" бүлгийн явуулсан цэргийн харгис үйл ажиллагаанууд тоолж баршгүй гэдгийг Их Британийн зүгээс мэдээлж байсан.
Мөн Орос, Украины дайн эхлэхээс ч өмнө алан хядах үйл ажиллагаануудыг явуулж байсан гэж олон улсын зүгээс буруутгасан байна. 2020 онд гэхэд "Вагнер" бүлэг Ливи улсын нийслэл Триполи хотын гадуур газрын "мина" суурилуулсан гэж АНУ мэдээлж байсан.
Энэ оны долоодугаар сард бүлгийнхэн Мали болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад эрүүдэн шүүх зэрэг харгис үйлдлүүдийг хийсэн гэж Их Британийн зүгээс мэдээлсэн. Эдгээр шалтгааны улмаас Их Британи "Вагнер" бүлгийг алан хядагч бүлэглэл гэж тодорхойлж, 2000 онд баталж байсан Терроризмын тухай хуулиндаа багтаана гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Гадаад хэргийн яамны зүгээс өмнө нь "Вагнер" бүлгийн толгойлогчдод хориг тавьж байсан байна. Гэвч Их Британийн Консерватив намын зүгээс дан ганц хориг арга хэмжээ хангалтгүй байна гэсэн шаардлагыг тавьснаар Засгийн газарт энэ хуулийн төслийг оруулж буй аж. Хуулийн төсөл батлагдсанаар "Вагнер" бүлгийн болон алан хядах үйл ажиллагаанд оролцсон этгээд 14 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх, эсвэл 5000 хүртэлх фунтээр торгуулах юм байна.