Савлахад бэлэн болгоод байсан 50 мянга гаруй литр дээд зэрэглэлийн оливын тос наймдугаар сарын 30-нд Испанийн Кордоба муж дахь үйлдвэрээс алга болжээ.
Испанид оливын тосны дахин нэг томоохон хулгай гарч, хагас сая гаруй ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүн алдагдсан байна. Энэ нь оливын тариалалтаар дэлхийд тэргүүлдэг тус улсад тосны үнийн өсөлт дээд түвшинд хүрсэн нь хулгайн гэмт хэрэг гаарахад нөлөөлж буйг харуулсан сүүлийн жишээ боллоо.
Савлахад бэлэн болгоод байсан 50 мянга гаруй литр дээд зэрэглэлийн оливын тос наймдугаар сарын 30-нд Испанийн Кордоба муж дахь үйлдвэрээс алга болжээ. Хулгайч нар харанхуйг ашиглан 500 мянга гаруй еврогоор үнэлэгдэх хэмжээний тосыг хоёр том саванд хийж авч явсан бөгөөд уг үйл явц нь хоёр цаг орчим үргэлжилсэн байх магадлалтайг үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн байна.
Хүнс үйлдвэрлэлийн салбар дахь хулгайн гэмт хэрэг тийм ч шинэ зүйл биш боловч сүүлийн үед дээрхтэй ижил хэргүүд шил даран гарах болсон нь Испани дахь ган гачиг үнийн огцом өсөлтийг дагуулж, улмаар гол нэрийн бүтээгдэхүүн болох оливын тосны эрэлт дийлдэхээ байсныг харуулж байна. Хулгайн гэмт хэрэг, хуурамч бүтээгдэхүүний худалдаа нь эрс тэс цаг агаар, өндөр өртөг зэрэг хүндрэлтэй тулгараад буй үйлдвэрлэгчдэд бас нэгэн шүдний өвчин болжээ.
"Үнэ зогсолтгүй өсөж байгаад бүгд л санаа зовниж байна. Оливын тос үнэхээр шингэн алт болж хувирсан" хэмээн дээр дурдсан хулгайн хэргийн хохирогч "Marin Serrano El Lagar" компанийн менежер Мартин Парра өгүүлсэн байна.
Испанийн оливын хямрал нь уур амьсгалын өөрчлөлт бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хэрхэн заналхийлж буйг анхааруулсан явдал болж буй. Ихээхэн хор хохиролтой ган гачиг 2022-2023 оны ургацын улиралд тус улсын оливын нийт гарцыг тэн хагасаар бууруулсан бол Италийн үйлдвэрлэлд тулгарсан сорилтууд дэлхий даяар нийлүүлэлт татрахад мөн нөлөөлж байгаа аж.
Энэ нь Испанийн өмнөд хэсэгт оливын спот үнэ өнгөрсөн оны эхэн үеэс даруй хоёр дахин өсөх шалтгаан болжээ. Долоодугаар сарын дунд үеэс хойш Испанийн дэлгүүрүүдэд нэг лонх дээд зэрэглэлийн оливын тосны үнэ 15 хувиар өссөнийг “OCU” хэрэглэгчийн ассоциациас мэдээлжээ.
Өндөр үнэ нь цагаан алт, зэсээс эхлээд бэлтгэсэн мод хүртэлх бүхий л түүхий эдийн хулгайг өөгшүүлэх нь элбэг. Оливын хувьд гэмт хэрэгтнүүд голчлон шинэхэн түүсэн, эсвэл болц нь гүйцсэн олив, мөн боловсруулсан тосыг онилдог байна. 2022-2023 оны улиралд Испанийн Хаэн мужид 259 мянга гаруй кг оливын тос хулгайд алдагдсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оноос 29 хувиар өссөнийг Засгийн газрын холбогдох албанаас мэдээлжээ.