Эцэг эхчүүдийн гаргасан гомдлын улмаас удаан хугацааны турш зовж, шаналж байсан бага ангийн багш амиа хорлосныг Өмнөд Солонгосын Тэжон хотын цагдаагийн газар Баасан гарагт мэдээлжээ.
Хоёр хоногийн өмнө 40 гаруй насны багш эмэгтэй амиа хорлохоор оролдсоныхоо дараа эмнэлэгт хүргэгдсэн ч Пүрэв гарагт шархаа даалгүй нас барсан юм байна.
Амиа алдсан багш хүүхэдтэй зохисгүй харьцсан гэх эцэг эхчүүдийн гомдлын улмаас удаан хугацааны турш сэтгэл санааны хямралд орж, эмчлүүлж байсныг орон нутгийн багш нарын үйлдвэрчний эвлэл мэдээлжээ.
Өнгөрсөн долдугаар сард Сөүл хотын нэг бага сургуулийн багш эцэг эхчүүдийн дарамтыг тэсэлгүй амиа хорлосны дараа багш, сурган хүмүүжүүлэгчдийн эрхийг хамгаалах асуудал Өмнөд Солонгосын эрх баригчдын анхаарлын төвд орсон юм. Энэ хэргийн дараа хэд хэдэн багш бас ижил шалтгаанаар амиа алдаж байв.
Хэсэг эцэг эхчүүд 2019 онд хүүхдэд нь хүч хэрэглэсэн талаар гомдлыг сая нас барсан багшийн эсрэг гаргаж байжээ. 2020 онд багшийн буруугүй нь тогтоогдон цагаадсан юм байна.
Гэхдээ тэр энэ хэргийн дараа сэтгэл санааны гүн шархтай үлдэж, сүүлийн үед гарсан ижил төстэй хэргүүдийг сонсоод амиа егүүтгэхэд хүрсэн гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын засгийн газар багш нарын эрхийг хамгаалах цогц арга хэмжээ авах төлөвлөгөөгөө саяхан зарласан.
Гэхдээ үүнийг хангалтгүй гэж үзсэн 200,000 багш өнгөрсөн амралтын өдөр Сөүл хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв.