Хятадын худалдааны хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээр экспорт, импортын хэмжээ хоёулаа буурсан үзүүлэлттэй гарчээ.
Пүрэв гарагийн байдлаар экспортын хэмжээ 8.8 хувиар буурсан байна. Хэдийгээр энэ тоо долоодугаар сарын бууралттай харьцуулахад багассан тоо боловч дөрвөн сар дараалж экспортын хэмжээ буурч байгаа нь дотоодын болон олон улсын эдийн засагчдын анхаарлыг ихээр татаад байгаа юм. Импортын хэмжээ мөн 7.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хятадын эдийн засаг сүүлийн үед эрчээ алдаж, улсын бүтээмжийн хэмжээ эрс буурч байгаа. Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралд цар тахлын дараах сэргээн босголт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, дотоодын хэрэглэгчдийн эрэлт буурсан зэрэг хэд хэдэн шалтгаан нөлөөлж байна гэж дотоод, гадаадын эдийн засагчид дүгнэж байна.
Лхагва гарагт АНУ-ын Тооллогын товчооноос долоодугаар сарын байдлаар импортоор оруулж ирдэг Хятад бүтээгдэхүүний хэмжээ 2006 оноос хойших хамгийн бага хувьд хүрч буурсан гэсэн мэдээлэл гаргасан байна.
2018 оноос өмнө Хятадаас оруулж ирэх импортын хэмжээ нийт импортын бүтээгдэхүүний 21.8 хувийг бүрдүүлж байсан бол сүүлийн нэг жилд 14.6 хувь болтлоо буурсан байна.
Түүнчлэн Хятадын дотоодын эдийн засагт алдагдал ихтэй байгаа бас нэг салбар нь үл хөдлөхийн салбар юм байна. Үл хөдлөхийн эрэлт буурснаас томоохон барилгын болон үл хөдлөх зуучлалын компаниуд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсныг дотоодын шинжээчид мэдээлж байгаа юм.
Одоогийн байдлаар Хятад улс эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх үндэстэн дамнасан томоохон төсөл хөтөлбөр, бодлого хэрэгжүүлээгүй байна.
Харин ард иргэд, жижиг, дунд бизнесийн байгууллагуудад туслах цуврал арга хэмжээнүүдийг сүүлийн хэдэн сарын турш авах болсон. Хятадын төв банкнаас гэхэд бодлогын хүүг бууруулсан байна.
Бээжингийн зүгээс мөн Хятадын томоохон хотуудад үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа иргэдэд хамгийн бага урьдчилгааг санал болгох шийдвэр гаргажээ.
Арилжааны банкнууд, зээлдүүлэгч нар мөн зээлийн хүүгийн хэмжээгээ бууруулж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.