Дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй "Miss Universe" тэмцээнд Монгол улс 2018 оноос оролцож эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампаар овоглогддог тус тэмцээнд топ модель Д.Долгион, Б.Гүнзаяа нар эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Зохион байгуулагдах бүртээ багагүй дуулиан дэгдээж байсан Үндэсний ялагчийг сонгон шалгаруулах тэмцээн гурван жил завсарласны эцэст дахин зохион байгуулагдах болсноо албан ёсоор зарлаж, бүртгэлээ эхлүүлсэн байна. Гэхдээ тус тэмцээний зохион байгуулалтын эрх эзэмшигч энэ жилээс өөрчлөгдөж Азийн топ модель, мисс Г.Оюунгэрэлд шилжжээ. Г.Оюунгэрэл 2007 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцсоноос гадна Нью-Иорк, Сөүл, Дубай зэрэг олон улсын томоохон тайзнаа алхаж явсан чадварлаг мисс, модель билээ. Ямартай ч дэлхийн 90 гаруй улс орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж, 1.5 тэрбум үзэгчийн өмнө Монгол улсаа төлөөлөх дараагийн охиныг загварын салбарын "акул" сонгож, олон хүний од болон гялалзах замыг нээж өгөх нь.